“АВСТРАЛИАС СУРАЛЦАХУЙ” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ

Австрали Улсын Сиднейн их сургуулийн Монголчуудын нийгэмлэгээс “Австралиас суралцахуй” оюутан залуусын чуулга уулзалтыг 2019 оны 11 дүгээр сарын 30-нд Сидней хотод зохион байгуулав. Тус чуулга уулзалт нь Австрали Улсад суралцан амьдарч буй оюутан залуус тухайн орноос олж авсан мэдлэг, туршлагаа солилцох, Монголд хэрэгжүүлж болох санаа, санаачилгынхаа талаар оролцогчидтой харилцан ярилцах боломжийг олгосноороо онцлог байв.

Чуулга уулзалтад UNSW, University of Sydney, University of Canberra, Curtin University, Flinders University, University of Technology Sydney зэрэг Австралийн томоохон нэр хүндтэй их сургуулиудад магистр, докторын зэрэгт суралцаж буй монгол залуучууд Перт, Аделаид, Канберра зэрэг хотоос зорин ирж, сонирхолтой илтгэл тавьсан нь олны талархлыг хүлээв. Чуулга уулзалтаар хэлэлцүүлэгдсэн илтгэлүүдийг дурдвал:

  • “Гарааны бизнесээс сошиал энтерпрайз руу” Д.Номин, Сиднейн Их Сургууль
  • “Мэргэжил сонголтонд ‘The Access Platform’-ийг хэрэглэх нь” А.Гэрэлмаа, Канберрагийн Их Сургууль
  • “Авсрали улсын жишиг бүхий Хаягийн мэдээллийн нэгдсэн систем Монгол улсад байгуулах нь” Б.Галмандах, Куртины Их Сургууль
  • “Монголын үндэстний үзэл ба үндэстний мөн чанар” Б.Зандан, Сиднейн Их Сургууль
  • “Ажлын байрны уян хатан нөхцлийг Монгол улсад нэвтрүүлэх санаанууд” Д.Балжинням, Fuji Xerox Australia
  • “Чанартай, хүртээмжтэй, тогтвортой бүрэн дунд боловсрол бол улсын хөгжлийн үндэс” Б.Харашаш, Флиндэрс Их Сургууль
  • “Хөхүүл ханиадын эсрэг вакциныг эхийн хэвлийд байх үеэс нь эхлэх Австрали улсын жишиг” Б.Хулан, Шинэ Өмнөд Уэльсийн Их Сургууль
  • “Хүнд металлаар бохирдсон хѳрсийг электрокинетик хѳрс нѳхѳн сэргээх аргаар цэвэршүүлэх” Г.Намуун, Сиднейн Технологийн Их Сургууль
  • “Дижитал шилжилтийн боломжоос хүртэхүй” З.Гантогоо, Сиднейн Их Сургууль, зэрэг болно.

Дээрх чуулга уулзалтад Австрали Улсад сурч, ажиллан амьдарч буй 140 гаруй оюутан залуус хүрэлцэн ирж, үйл ажиллагаанд идэвхтэй оролцов. Мөн Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам, Австрали дахь Монголчуудын Холбоо, Австрали дахь монгол оюутан залуучуудын холбоо, Австралийн SBS радио, Оюунлаг төв зэрэг байгууллага тус арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажилласан байна.