АВСТРАЛИД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Австрали Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр 2020 оны 7 дугаар сарын 15-ны байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн 10,495 (+259) тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 111 (+3) хүн нас барж, 7,928 (+93) хүн бүрэн эдгэрсэн бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд 3,222,141 (+59,904) хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Нийт 2,456 идэвхтэй тохиолдлын 111 (+21) нь эмнэлэгт, үүнээс 28 (+1) хүн хүнд байдалтай эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Мужуудаар нь авч үзвэл Шинэ Өмнөд Уэльс 3517 (+12), Күинсланд 1071 (+0), Викториа 4448 (+224), Өмнөд Австрали 443 (+0), Баруун Австрали 644 (+8), Тасмани 228 (+0), Австралийн нийслэлийн бүс нутаг 113 (+0), Хойд бүс нутаг 31 (+0) тохиолдол тус тус бүртгэгдсэн.

Викториа мужид, ялангуяа Мелбурн хотод шинэ төрлийн коронавирусийн халдварын тоо эрчимтэй нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан өвчний голомт болоод буй Мелбурн хотод 7 дугаар сарын 8-наас эхлэн 6 долоон хоногийн хугацаатайгаар хөл хорио тогтоогоод байна. Хөл хорионы үед зөвхөн ажил, сургуульдаа явах, хүнсээ цуглуулах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, дасгал хөдөлгөөн хийх боломжтой бөгөөд бусад шаардлагагүй тохиолдолд хөл хорионы дэглэмийг зөрчвөл өндөр торгууль ногдуулж, хариуцлага хүлээлгэх аж. Мөн 7 дугаар сарын 20-нд эхлэх сургуулийн хичээлийг цахим хэлбэрээр заахаар болоод байна.

Австралийн Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн шинж тэмдэг илэрсэн л бол эмнэлэгт очиж шинжилгээ өгөхийг уриалсан бөгөөд Австралийн Эрүүл мэндийн сайд Грег Хант олон нийтийн газар зайт харьцааг баримталж чадахгүй бол амны хаалт зүүж хэвшихийг зөвлөөд байна. Австралийн Засгийн газраас халдварт өртөмтгий байгаа ахмадын сувиллын газруудад нэмж 500,000 амны хаалт тараана гэдгээ мэдэгдэв.

Австралийн хүнсний томоохон сүлжээ дэлгүүрийн нэг Вүүлвортс Викториа мужийн дэлгүүрүүд дээрээ 23 нэр төрлийн бараанд худалдан авах хязгаарлалт тогтоогоод байсан бол өнөөдрөөс ариун цэврийн цааснаас бусад барааны хязгаарлалтыг цуцлаад байна.

Австрали Улсад, ялангуяа Викториа мужид, халдварын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан иргэд та бүхнийг анхаарал сэрэмжээ сулруулахгүй байж, суугаа муж, хотын захиргаа, эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөж, хувийн ариун цэврийг сайтар сахиж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалахыг зөвлөж байна.