АВСТРАЛИД СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Шинэ төрлийн коронавирусээс үүдэн Австрали Улсад зорчиж байгаад гацсан болон Австрали Улсаас нэн яаралтай явах шаардлагатай иргэдийг эх оронд нь татах Сидней-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 9 дугаар сарын 25-нд нисэхээр нэр нь багтсан иргэдийн нэрсийг Улсын онцгой комиссын шуурхай штабаас ирүүлэв.
Нэр нь ирсэн иргэдтэй ЭСЯ-наас нэг бүрчлэн холбогдоод явж байна.
Нислэгт багтсан иргэдийн анхааралд:
– Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг болон тээвэрлэлтийн зардал 10000 төгрөг буюу нийт 1060000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг болон тээвэрлэлтийн зардал 10000 төгрөг буюу нийт 640000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлнө.
Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
– Тийз бичүүлэх зааврыг хавсаргав.
Тусгай үүргийн нислэгт хамрагдаад Викториа мужаас ирэх иргэдийн анхааралд:
– Викториа мужаас (бусад муж хамаарахгүй) Шинэ Өмнөд Уэльс муж руу зорчиход шаардлагатай тусгай зөвшөөрлийг дараах холбоосоор авна уу. Зөвшөөрөл нь олгосон өдрөөс 3 хоногийн дотор хүчинтэй.
– 2020 оны 8 дугаар сарын 7-ноос эхлэн хэрэгжиж эхэлсэн журмын дагуу Викториа мужаас орон нутгийн нислэгээр Шинэ Өмнөд Уэльс мужаар дамжин өнгөрч буй тохиолдолд Шинэ Өмнөд Уэльс мужийн Засгийн газраас нэгдсэн байдлаар буудлын зохицуулалтыг хийх бөгөөд 48 цагийн дотор байх бол төлбөрөөс чөлөөлөх юм байна.
– Орон нутгийн онгоц Сиднейн онгоцны буудалд буусан даруйд Шинэ Өмнөд Уэльсийн цагдаагийн ажилтнууд Викториа мужаас ирсэн зорчигчдод хяналт тавьж ажиллах бөгөөд шаардлагатай заавар, зааварчилгааг өгч, хуваарилагдсан зочид буудалд нь хүргэж өгөх юм байна. Мөн тусгай үүргийн онгоц нисэх өдөр зочид буудлаас нь онгоцны буудал руу хүргэх зохицуулалтыг хийнэ.
Жич: Австрали Улсад гацсан, нэн яаралтай буцах хүсэлтээ гаргасан иргэд энэ онгоцоор гарч дуусах тул Австрали руу тусгай үүргийн шууд нислэг нэг хэсэгтээ дахин үйлдэхгүй. Өргөдөл өгсөн ч яарамгүй буцна гэдгээр үлдэж буй иргэдийн тухайд явах хугацаагаа тодорхой заасан өргөдлөө шинээр ирүүлэхийг анхаарна уу. Таарсан транзит нислэг гарвал тухай бүр нь шийдвэрлэхээр тус ЭСЯ ажиллах болно.