АВСТРАЛИ ДАХЬ КОВИД-19-ИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР

1. КОВИД-19 цар тахлын тархалтын нөхцөл байдал
Австрали Улсад КОВИД-19 цар тахлын омикрон BA.4 and BA.5 хувилбарын тархалт сүүлийн үед эрс нэмэгдэж, ковидоор халдварлагсад түүний дотор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн тоо болон нас баралтын тоо тогтмол өсч эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй түвшинд хүрээд байна. Австралийн Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр өнгөрсөн 24 цагийн дотор 50248 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тоо 8,850,343-т хүрсэн байна. Энэ тоонд өөрсдөө хувиараа түргэвчилсэн тест өгсөн боловч тестийн хариуг албан ёсоор системд бүртгүүлээгүй хүмүүсийн мэдээлэл багтаагүй тул бодит байдал дээр халдварын тохиолдлын тоо үүнээс хэд дахин илүү байх магадлалтайг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байна.

Түүнчлэн КОВИД-19-ийн дахин халдвар авах хугацаа 12 долоо хоног байсан бол энэ шинэ хувилбарын үед 4 долоо хоног болж өөрчлөгдсөн байна. Ингэснээр КОВИД-19 вирусээр дахин ойрхон өвчлөх магадлал улам нэмэгдэж буйг Австралийн Эрүүл мэндийн яамаас мөн мэдээлэв.

2. Австралийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Ковидын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Австралийн Засгийн газар өнгөрсөн Бямба гарагт буюу 7 дугаар сарын 16-нд хуралдаж, КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын талаар хэлэлцэн хэд хэдэн арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна. Хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх Пол Кэлли цар тахлын тархалт, түүний дотор шинэ хувилбарын талаарх мэдээлэл, эрүүл мэндийн системийн нөхцөл байдал, эмнэлгүүдийн хүчин чадлын талаар Засгийн газрын гишүүдэд мэдээлэл өгөв. Ингэхдээ омикрон BA.4 болон BA.5 дэд хувилбаруудаас үүдэлтэй КОВИД-19 халдварын шинэ давалгаа тус улсад эхэлж байгаа бөгөөд 8 дугаар сард илүү нэмэгдэх төлөвтэй гэдгийг мэдэгдэж энэ нь тус улсын эрүүл мэндийн системд хүндрэл учруулж буйг онцлов. Холбооны Засгийн газар эл асуудлыг яаралтай хэлэлцэн дараах шийдвэрийг гаргаад байна. Үүнд:

– Ковидын илүү их халдвартай шинэ хувилбар өргөн тархаж буй тул “Цар тахлын нөхөн төлбөр/ Pandemic Leave Disaster Payment/” буюу КОВИД-19 цар тахлаар өвчилсний улмаас 7 хоногийн тусгаарлалтад орж, ажлаа хийх боломжгүй болсон хүмүүст олгож байсан 750 долларын нөхөн төлбөрийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл дахин олгохоор шийдвэрлэв. Ингэхдээ Холбооны Засгийн газар болон муж, бүс нутгийн Засгийн газар нөхөн төлбөрийг 50:50 гэсэн харьцаагаар санхүүжүүлэхээр тогтов.
– Орлого багатай, санхүүгийн хүнд байдалд орсон иргэдэд олгож байсан хямралын үеийн нөхөн олговрыг мөн 9 дүгээр сарын 30 хүртэл дахин олгохоор шийдвэрлэв.
– Өрхийн эмч нар өвчтөнд КОВИД-19-ийг эмчлэх вирусийн эсрэг эм хэрэглэх шаардлагатай эсэхийг тогтоохын тулд заавал биечлэн үзэхгүйгээр Telehealth систем буюу утсаар холбогдож эмийн жор бичиж өгөх үйлчилгээг сэргээсэн байна. Ингэснээр үйлчилгээ шуурхай болж, эмнэлгийн ачаалал буурах аж.
– Муж, бүс нутгийн Засгийн газрууд хамтран түргэвчилсэн тестийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай мэдээллийг хуваалцах, тестийн зардлыг Холбооны Засгийн газар болон муж, бүс нутгийн Засгийн газар 50/50 хувиар хувааж гаргахаар тохиролцов.
– Муж, бүс нутгийн Засгийн газрууд нийт оршин суугчдад маск зүүх, тест өгөх, эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахихыг уриалах ажлыг хэрэгжүүлэхээр тогтов.
Түүнчлэн Австралийн Эрүүл мэндийн сайд КОВИД-19 вирусын эсрэг эмийг хэрэглэх бүлгийнхэнд өөрчлөлт оруулсан бөгөөд ингэснээр 70-аас дээш насны бүх өндөр настан, амьсгалын замын хууч өвчтэй 50-иас дээш насныхан болон 30-аас дээш настай уугуул иргэд, дархлаа султай 18-аас дээш настай хүмүүст вирусийн эсрэг эм олгох болсныг мэдэгдэж одоогоор 73000 гаруй австраличууд уг эмийг хэрэглээд буйг мэдээлэв.

3. Иргэд, олон нийтэд өгч буй зөвлөмж
Австралийн Эрүүл мэндийн яам, муж, бүс нутгийн Засгийн газраас КОВИД-19 цар тахлын омикрон BA.4 and BA.5 шинэ хувилбарын тархалт эрс нэмэгдэж, ковидоор халдварлагсад түүний дотор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн тоо болон нас баралтын тоо тогтмол өсч буйтай холбогдуулан иргэд, олон нийтэд зориулж дараах зөвлөмжийг хүргүүлж байна.Үүнд:

– Ханиадны болон КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдах, түүний дотор Бүүстэр 4 дэх тунг хийлгэх
– Хэрэв КОВИД-19-р өвчилсөн бол аль болох гэртээ байх, тест өгөх, өөрийгөө тусгаарлах
– Олон нийтийн газар амны хаалт зүүх
– Хэрэв олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахаар бол гадаа эсвэл агааржуулалт сайтай газар зохион байгуулах
– Гараа тогтмол угаах, ариутгах замаар эрүүл ахуйн шаардлагыг хангах
– Олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцохдоо түргэвчилсэн тест өгөх, зэрэг болно.

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2022 оны 7 дугаар сарын 20