АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНДАД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Австрали Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр 2020 оны 3 дугаар сарын 19-ний байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн 565 (+111) тохиолдол бүртгэгдсэн (хэвлэлээр 637 хүрсэн мэдээ байна). Үүнээс 6 (+1) хүн нас барж, 46 (+3) хүн бүрэн эдгэрсэн бөгөөд бусад өвчтөний биеийн байдал тогтвортой байна.

Мужуудаар нь авч үзвэл Шинэ Өмнөд Уэльс 265 (+55), Күинсланд 94 (+16), Викториа 121 (+27), Өмнөд Австрали 37 (+5), Баруун Австрали 35 (+4), Тасмани 10 (+3), Австралийн нийслэлийн бүс нутагт 3 (+1) тохиолдол тус тус бүртгэгдээд байна. Шинэ Өмнөд Уэльс мужид халдварын дэгдэлт хамгийн ихээр нэмэгдэж буй бөгөөд 20-50 насны хүмүүс хамгийн өртөмтгий байгаа аж.

Үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулан Австралийн нийслэлийн бүс нутгийн захиргаа,  Баруун Австрали, Тасмани мужуудад тус тус тодорхойгүй хугацаагаар, Викториа мужид 4 долоо хоногийн хугацаатайгаар онц байдал зарласан. Тасмани муж (арал) маргаашнаас тус мужийн байнгын оршин суугчдаас бусад хүнийг 2 долоо хоногийн хугацаанд хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргав.

Ерөнхий сайд Скотт Моррисон өнөөдөр 15.45 цагт олон нийтэд хийсэн мэдэгдэлдээ Австралийн иргэд болон байнгын оршин суугчдаас бусад хүнийг хилээрээ оруулахгүй байх шийдвэр гаргав. Уг хориг нь маргааш буюу 2020 оны 3 дугаар сарын 20-ны 21.00 цагаас үйлчилж эхэлнэ. Тэрээр мөн гадаадад буй Австраличуудыг эх нутагтаа аль болох хурдан ирэхийг уриалав.

Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан Австралийн үндэсний тээвэрлэгч Куантас компани олон улсын бүх нислэгээ түр хугацаагаар зогсоож, дотоодын нислэгээ 60 хувиар танаж, 20,000 гаруй ажилчдаа 5 дугаар сарын эцэс хүртэл түр чөлөөлөөд байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар COVID-19-ийн халдвар Австралид энэ эрчээрээ нэмэгдэх ахул 4 дүгээр сарын эхээр гэхэд тохиолдлын тоо 6,000 давах аж.

Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2020 оны 3 дугаар сарын 18-ны 13 цагийн байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн тохиолдол 8-аар нэмэгдэж, нийт 28 болов. Шинээр нэмэгдсэн тохиолдлууд Франц, Их Британи, АНУ зэрэг улсаас ирсэн хүмүүсээс илэрсэн байна.