АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНДАД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Австрали Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр 2020 оны 3 дугаар сарын 23-ны 15.00 цагийн байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн 1,709 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 7 хүн нас барсан бөгөөд бусад өвчтөний биеийн байдал тогтвортой байна.

Мужуудаар нь авч үзвэл Шинэ Өмнөд Уэльс 704, Күинсланд 319, Викториа 355, Өмнөд Австрали 134, Баруун Австрали 140, Тасмани 21, Австралийн нийслэлийн бүс нутагт 32, Хойд бүс нутаг 4 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Мөн эрүүл мэндийн байгууллагууд 143,000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулаaд байна.

Австралид 3 дугаар сар гарснаас хойш COVID-19-ийн тохиолдол хурдацтай нэмэгдэж буй бөгөөд АНУ болон Европын орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд давамгайлж байна. Мөн COVID-19-ийн халдварт 20-69 насны ангилал хамгийн өртөмтгий байна.

Үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулан Австралийн нийслэлийн бүс нутгийн захиргаа, Баруун Австрали, Тасмани мужуудад тус тус тодорхойгүй хугацаагаар, Викториа мужид 4 долоо хоногийн хугацаатайгаар онц байдал зарласан. Мөн Өмнөд Австрали муж, Баруун Австрали муж, Хойд бүс нутгийн захиргаанаас 3 дугаар сарын 24-нөөс Тасмани мужийн нэгэн адил хилээ хааж, байнгын оршин суугчдаас бусад хүнийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргав.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоны мэдэгдсэнээр хурдацтай тархаж буй COVID-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Засгийн газар 2020 оны 3 дугаар сарын 24-ний 12.00 цагаас эхлэн кино театр, казино, фитнесийн төв, уушийн газар, шөнийн клуб, спортын төв, сүм зэрэг хүн ихээр цугладаг газруудыг тодорхойгүй хугацаагаар хаах, кафе, ресторануудын үйл ажиллагааг хязгаарлаж, зөвхөн үйлчлүүлэгч захиалгаа очиж авах, эсхүл хүргэлт хийх шийдвэрийг гаргаад байна. Харин хүнсний дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээх станц зэрэг онц шаардлагатай үйлчилгээний газруудыг нээлттэй үлдээхээр зохицуулалт хийв. Ихэнх мужид сургуулиуд улирлын амралт (4 дүгээр сарын 10-26) хүртэл үйл ажиллагаагаа явуулах бөгөөд амралт дууссаны дараа цаашид хэрхэхийг шийдэх аж. Чингэхдээ хэрэв эцэг эхчүүд хүүхдээ гэртээ харж чадна гэж үзвэл хүүхдээ сургуульд явуулахгүй байж болох юм байна. Австралийн нийслэлийн бус нутгийн захиргаа 3 дугаар сарын 24-нөөс эхлэн улирлын амралт хүртэл сурагчдын хичээлийг цахимаар явуулах шийдвэр гаргав.

Ерөнхий сайд С.Моррисон хэвлэлд өгсөн ярилцлагадаа Австрали Улс нь вирусийн эсрэг дайтаж буйг онцлоод дайсныг ялан дийлэхэд амаргүй байгаа гэв. Түүнчлэн энэхүү хүнд хэцүү цаг үе багадаа 6 сар үргэлжлэх магадлалтайг нийт австраличуудад анхааруулав.

Австралийн Холбооны ерөнхий эмч Брэндан Мөрфи австраличууд энэхүү хүнд үеийг амжилттай даван туулахын тулд амьдралынхаа хэв маягийг өөрчлөх, ялангуяа залуучууд Засгийн газраас гаргаж буй шийдвэрийг чанд даган мөрдөх хэрэгтэйг сануулав.

Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2020 оны 3 дугаар сарын 23-ны байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ын тохиолдол эрс нэмэгдэж, 102 болов. Ерөнхий сайд Жасинда Ардерн тус улсын сэрэмжлүүлгийн түвшинг (аlert level) нэг шат ахиулж, 3 дугаар шат буюу Хориглох түвшинд авчирснаа зарлав. Уг түвшинд халдварын дэгдэлтийг хязгаарлах, бууруулахын тулд иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тавих, сургууль, цэцэрлэгийг хаах, олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газруудыг хаах (номын сан, музей, кино театр, фитнесийн төв гэх мэт), онц шаардлагатай биш аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, эмчид биеэр очиж үзүүлэхийг хязгаарлах, эмнэлгүүд дэх яаралтай бус хагалгаа, мэс ажилбаруудыг хойшлуулах болон эрүүл мэндийн ажилтнуудад тэргүүлэх анхаарал хандуулах юм байна.