АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНДАД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Австрали Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр 2020 оны 3 дугаар сарын 25-ны 06.00 цагийн байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн 2,252 (+429) тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 8 хүн нас барсан, 118 хүн бүрэн эдгэрсэн бөгөөд бусад өвчтөний биеийн байдал тогтвортой байна.

Мужуудаар нь авч үзвэл Шинэ Өмнөд Уэльс 1,029, Күинсланд 397, Викториа 411, Өмнөд Австрали 170, Баруун Австрали 175, Тасмани 26, Австралийн нийслэлийн бүс нутагт 39, Хойд бүс нутаг 5 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Мөн эрүүл мэндийн байгууллагууд 162,000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулаaд байна.

Үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулан Австралийн нийслэлийн бүс нутгийн захиргаа, Баруун Австрали, Тасмани мужуудад тус тус тодорхойгүй хугацаагаар, Викториа мужид 4 долоо хоногийн хугацаатайгаар онц байдал зарласан. Мөн Өмнөд Австрали (3 дугаар сарын 24-ний 16.00 цагаас), Баруун Австрали (3 дугаар сарын 24-ний 13.30 цагаас), Күинсланд (3 дугаар сарын 25-ны 23.59 цагаас), Тасмани (3 дугаар сарын 20-ны 23.59 цагаас) мужууд болон Хойд бүс нутаг (3 дугаар сарын 24-ний 13.30 цагаас) тус тус хилээ хаах, байнгын оршин суугчдаас бусад хүнийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаад байна.

COVID-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан Парламентын чуулганыг 8 дугаар сарын 11 хүртэл хойшлуулсан бөгөөд 5 дугаар сард батлах хуваарьтай төсвийг 10 дугаар сарын 6-нд хэлэлцэн батлахаар болоод байна.

Хурдацтай тархаж буй COVID-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан Шинэ Зеланд Улсын Засгийн газар 2020 оны 3 дугаар сарын 25-нд онц байдал зарласныг Иргэний батлан хамгаалахын сайд Пээни Хенаре мэдэгдэв. Мөн энэ өдрийн 23.59 цаг (орон нутгийн)-аас эхлэн сэрэмжлүүлгийн түвшинг хамгийн дээд буюу 4 дүгээр түвшин болгож, хилээ бүрэн хааж, халдварын дэгдэлтийг хязгаарлах, бууруулахад чиглэсэн бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлнэ. Ерөнхий сайд Жасинда Ардерн онц байдал багадаа 4 долоо хоног үргэлжлэхийг онцлоод ард иргэдээ Засгийн газрын зөвлөмж, шийдвэрийг чанд даган мөрдөхийг уриалав.
 
Онц байдал зарласнаар зам хаах, гадаа болон дотор талбай, барилга байгууламжид хяналт тогтоох, хүнс, шатахуун болон бусад чухал шаардлагатай барааны нийлүүлэлтэд хяналт тавих, олон хүн цугларсан арга хэмжээг цэрэг, цагдаагийн хүчээр тараах зэрэг арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлэх боломжтой болох аж.
 
Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2020 оны 3 дугаар сарын 25-ны байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн тохиолдол 50-иар нэмэгдэж, нийт 205 болсон. Нас барсан тохиолдол гараагүй, 22 өвчтөн бүрэн эдгэрсэн бөгөөд нийт 9,780 хүнийг шинжилгээнд хамруулаад байна.
 
Дээрх улсуудад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол өдөр тутам нэмэгдэн бүртгэгдэх магадлалтай буй тул иргэд та бүхнийг олон нийт цугларсан газраас аль болох хол байж, суугаа муж, хотын эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмжийн дагуу хувийн ариун цэврийг сайтар сахиж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалахыг зөвлөж байна.