АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНДАД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Австрали, Шинэ Зеландын Засгийн газраас COVID-19 халдвартай холбогдуулан хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд халдвар авсан тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд эрчимтэй буурч байна.

Австрали Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр 2020 оны 4 дүгээр сарын 13-ны 15.00 цагийн байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн 6,359 (+46) тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 61 хүн нас барж, 3,338  хүн бүрэн эдгэрсэн бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд 362,000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулаад байна.

Мужуудаар нь авч үзвэл Шинэ Өмнөд Уэльс 2,863, Күинсланд 987, Викториа 1,281, Өмнөд Австрали 431, Баруун Австрали 523, Тасмани 144, Австралийн нийслэлийн бүс нутаг 103, Хойд бүс нутаг 27 тохиолдол тус тус бүртгэгдсэн.

Үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулан Австралийн нийслэлийн бүс нутгийн захиргаа, Баруун Австрали, Тасмани мужуудад тус тус тодорхойгүй хугацаагаар онц байдал зарласан бол Викториа мужийн захиргаа 4 долоо хоногийн хугацаатайгаар зарласан онц байдлаа 5 дугаар сарын 11 хүртэл сунгасан. Мөн Өмнөд Австрали (3 дугаар сарын 24-ний 16.00 цагаас), Баруун Австрали (3 дугаар сарын 24-ний 13.30 цагаас), Күинсланд (4 дүгээр сарын 3-ны 12.01 цагаас), Тасмани (3 дугаар сарын 20-ны 23.59 цагаас) мужууд болон Хойд бүс нутаг (3 дугаар сарын 24-ний 13.30 цагаас) тус тус хилээ хааж, халдварын дэгдэлтийг хязгаарлах, бууруулахад чиглэсэн бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байна.

Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2020 оны 4 дүгээр сарын 13-ны 08.30 цагийн байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн 1,349 (+19) тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 5 хүн нас барж, 546 (+75) өвчтөн бүрэн эдгэрсэн бөгөөд 15 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагууд нийт 62,827 хүнийг шинжилгээнд хамруулсан.

Хурдацтай тархаж буй COVID-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Засгийн газар 2020 оны 3 дугаар сарын 25-ны 23.59 цагаас эхлэн сэрэмжлүүлгийн түвшинг хамгийн дээд буюу 4 дүгээр түвшин болгож, хилээ хааж, халдварын дэгдэлтийг хязгаарлах, бууруулахад чиглэсэн бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Шинэ Зеландын цагдаагийн байгууллагын мэдээлснээр 3 дугаар сарын 26-наас 4 дүгээр сарын 11-ний хооронд хөл хориотой холбоотой хууль журам зөрчсөн нийт 677 хүнийг саатуулснаас 582-т нь анхааруулга өгч, 84-т нь торгууль, шийтгэл ногдуулсан байна. Мөн судалгааны байгууллагаас хөл хорио 4 дүгээр сарын 22-нд дуусахад үргэлжлүүлэн сунгах талаар асуулга авахад судалгаанд оролцогчдын 60-аас дээш хувь нь сунгахыг дэмжиж, 14 хувь нь эсэргүүцэж, үлдсэн 26 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна.

COVID-19-ийн тархалтын өсөлт, Австрали

 

 

 

 

 

 

COVID-19-ийн тархалтын өсөлт, Шинэ Зеланд