АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД, ПАПУА ШИНЭ ГВИНЕЙ УЛСУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээс шалтгаалан үүссэн нөхцөл байдлын улмаас Австрали Улс, Шинэ Зеланд Улс, Папуа Шинэ Гвиней Улсад гацаад буй монгол иргэдийг 3 дугаар сарын 15-наас эхлэн бүртгэж, өргөдлийг нь тухай бүр Улсын онцгой комисст нэгтгэн уламжилж ирсэн. Бүртгэж эхэлснээс хойш 1570 иргэн эх орондоо буцах хүсэлтээ гаргасан. Үүнээс 310 иргэнийг Монгол явуулсан, 47 иргэн буцах өргөдлөө буцаасан. Ингээд 7 дугаар сарын 16-ны байдлаар 1213 иргэн буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлд байна.

Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн нэрсийн жагсаалтыг 7 дугаар сарын 17-ны Баасан гарагт шинэчлэн холбогдох өргөдөл, хүсэлтийн хамт УОК-т дахин хүргүүлнэ. Үүнд бага насны хүүхэдтэй гэр бүл 558, жирэмсэн эмэгтэй, түүний гэр бүлийн гишүүд 77, 60-аас дээш насны өндөр настан, асран хамгаалагчийн хамт 65, хөгжлийн бэрхшээлтэй 8, эрүүл мэндийн шалтгаантай 67, бусад шалтгаантай 438 иргэн байгаа болно.

Австрали Улс, Шинэ Зеланд Улс, Папуа Шинэ Гвиней Улсад гацаад буй эдгээр монгол иргэдийн нөхцөл байдлыг Улсын онцгой комисс болон Гадаад харилцааны яамны Консулын газар сайн мэдэж байгаа бөгөөд гадаадад буй иргэдээ татан авах ажиллагааны ойрын хугацааны төлөвлөлтөд оруулсан байгаа. Тус ЭСЯ-наас ч боломжит бүх хувилбарыг холбогдох байгууллагуудад санал болгон хамтран ажиллаж байна. Нааштай мэдээ гармагц ЭСЯ-ны цахим хуудас, фэйсбүүк хуудсанд албан ёсоор цаг алдалгүй мэдэгдэх болно.