Элчин сайд Д.Даваасүрэн Баруун Австрали мужид ажиллав

Элчин сайд Д.Даваасүрэн 2022 оны 5 дугаар сарын 13-нд Перт хотод ажиллаж, “Монаделфус” компанийн ТУЗ-ийн дарга Жон Рубино, Ерөнхий менежер Дино Фоти, “Аспайр Майнинг” компанийн ТУЗ-ийн дарга Дэвид Полл болон “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй тус тус уулзаж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
Элчин сайд Д.Даваасүрэн 2022 оны 5 дугаар сарын 14-нд Баруун Австрали муж дахь Монголчуудын холбооны гишүүд болон тус мужид сурч, ажиллаж, оршин сууж буй монголчуудын төлөөлөлтэй уулзаж, дэлгэрэнгүй ярилцав. Тэрбээр 2022 оны 5 дугаар сарын 15-нд “Куртин”-ы их сургуульд байрлах Баруун Австрали муж дахь Монгол сургуульд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Элчин сайд Д.Даваасүрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол сургуулийн хамт олон болон Куртины их сургуулийн удирдлагад талархал илэрхийлж, “Дэлхийн Монголчууд-2” хөтөлбөрийн хүрээнд Элчин сайдын яам тус сургуулийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллахаа онцлон тэмдэглэв.
Арга хэмжээний үеэр Монгол сургуулийн авьяаслаг сурагчид морин хуур, төгөлдөр хуур тоглож, монгол дуу дуулж, Монголын түүхийг ярьсан нь хүрэлцэн ирсэн зочдын талархлыг хүлээв. Энэ ташрамд Баруун Австрали дахь Монголчуудын холбоо, Монгол сургуулийнхаа хамт олон, хүүхэд багачуудад ажил, сурлагын өндөр амжилт хүсье.
Элчин сайд Д.Даваасүрэн 2022 оны 5 дугаар сарын 16-нд “Куртин”-ы их сургуулийн Боловсролын сургуулийн захирал Жефф Брүүкс, Судалгаа хариуцсан захирал Д.Сэндэр болон судалгааны баг, “Эдит Коуэн”-ы их сургуулийн Урлаг, хүмүүнлэгийн сургуулийн Гадаад харилцаа, стратегийн асуудал хариуцсан захирал Марк Макмахон, “Мурдок”-ын их сургуулийн Сургалт хариуцсан дэд захирал Эндрью Вебстэр, Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Келли Смит, Баруун Австрали мужийн Сургалт, боловсон хүчний хөгжлийн яамны Бодлого төлөвлөлт, инновац хариуцсан гүйцэтгэх захирал Жоди Вүүд нартай тус тус уулзаж, Австралийн Засгийн газрын “Шинэ Коломбо” хөтөлбөрийн цар хүрээг тэлэх, хоёр талын оюутан солилцоог нэмэгдүүлэх, их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон хамтын ажиллагааны бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Элчин сайд Д.Даваасүрэн Баруун Австрали мужид ажиллах үеэрээ 2022 оны 5 дугаар сарын 17-нд Перт хотод баригдаж буй ахуйн хог хаягдлыг эрчим хүч болгох үйлдвэрт зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.