Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн Шинэ Зеланд Улсын Амбан захирагч Синди Кирод 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Д.Даваасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Амбан захирагч Синди Кирод уламжилж, Шинэ Зеланд Улс нь Монгол Улсын Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш болохыг тэмдэглэж, хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Амбан захирагч Синди Киро хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 50 жилийн ой 2025 онд тохиож буйг онцлон хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Шинэ Зеландын Засгийн газраас хэрэгжүүлдэг төрийн албан хаагчдын англи хэлний сургалтын хөтөлбөрт 1997 оноос хойш Монголын 80 гаруй албан хаагч хамрагдсан болно.