Элчин сайд Д.Даваасүрэн Сидней хотод ажиллав

Элчин сайд Д.Даваасүрэн 2022 оны 6 дугаар сарын 6-нд Сиднейн их сургуулийн Дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Катрин Рефшож, Гадаад харилцаа хариуцсан захирал Аманда Саян, Гадаад оюутны асуудал хариуцсан захирал Тим Фийлд, Оюутан солилцоо хариуцсан захирал Фиона Уаят нартай уулзаж, Австралийн Засгийн газрын “Шинэ Коломбо” хөтөлбөрийн цар хүрээг тэлэх, хоёр талын оюутан солилцоог нэмэгдүүлэх, их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон хамтын ажиллагааны бусад асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
Тэрээр мөн Шинэ Өмнөд Уэльс мужийн Олон үндэстний асуудал хариуцсан сайд Марк Куретэй уулзаж, тус мужид оршин суугаа монголчуудын талаар мэдээлэл өгч, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хамтран ажиллах, “Монголын нэг өдөр” арга хэмжээ хамтран зохион байгуулах, Морин хуурын чуулгыг Австралийн Дуурийн театрт тоглуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцов.