Элчин сайд Күинсландын их сургуулийн Хөдөө аж ахуйн сургууль, “Thiess” компанийн төлөөлөлтэй уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн 2022 оны 6 дугаар сарын 3-нд Күинсландын их сургуулийн Хөдөө аж ахуйн сургуулийн декан Нийл Мензиестэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нэг тэрбум мод” санаачилгыг танилцуулж, Засгийн газрын “Атрын 4 дүгээр аян”-ы хүрээнд мал аж ахуй, газар тариалангийн салбарт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, судлаачид солилцох асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
Мөн энэ өдөр Элчин сайд уул уурхайн “Thiess” компанийн ТУЗ-ын гишүүн, ерөнхий зөвлөх Патришиа Расселтай уулзаж, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл солилцож, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Ногоон устөрөгч” төслийн хүрээнд устөрөгчийн эрчим хүчний чиглэлээр техникийн туслалцаа авах, урьдчилсан судалгаа хийх, хамтран ажиллах талаар ярилцав.