Ёслолын арга хэмжээ зохион байгуулав

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ой болон Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээг 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Канберра хотноо зохион байгуулав.
Арга хэмжээнд Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Хойд болон Өмнөд Азийн газрын Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Гэри Коуэн, Ёслолын газрын дарга Иан Макконвилл, Шинэ Өмнөд Уэльс мужийн Олон үндэстний асуудал хариуцсан сайд Марк Куре, Австралийн нийслэлийн бүс нутгийн Гадаад харилцааны асуудал хариуцсан комиссар Брэндан Смит тэргүүтэй Австралийн төр, засгийн байгууллагын төлөөлөл, Канберра хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, “Rio TInto”, “Jade Gas”, “Worley”, “Thiess” компанийн захирал зэрэг бизнесийн байгууллагынхан, Австралид суугаа Монголын Өргөмжит консулууд, Соёлын элч болон Австрали Улсад оршин суугаа монголчуудын төлөөлөл зэрэг нийт 200 гаруй зочид төлөөлөгчид оролцов.
Ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Элчин сайд Д.Даваасүрэн Монголын Үндэсний баяр болон Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан хүлээн авалтад хүрэлцэн ирсэн австралийн төр, засгийн албаны хүмүүс, Элчин сайд нар болон дипломатууд, Монголчуудын холбооны төлөөлөгчдөд халуун баяр хүргэв. Тэрээр Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаа батлан хамгаалах, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцолж, цаашид хоёр орны найрсаг харилцааг бололцоотой бүхий л салбарт, ялангуяа эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, кибер аюулгүйн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхлоо илэрхийлж, хамтын ажиллагааг төрөлжүүлэн хөгжүүлэхэд хоёр талын хамтын хүчин чармайлт нэн чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэв. Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Хойд болон Өмнөд Азийн газрын Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Гэри Коуэн баяр хүргэж хэлсэн үгэндээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны гол онцлогийг цохон тэмдэглэж, харилцаа хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв.
Шинэ Өмнөд Уэльс мужийн Олон үндэстний асуудал хариуцсан сайд Марк Куре тус бүс нутагт олон үндэстэн ястнууд оршин сууж байгаагийн дотор 5000 гаруй монголчууд Сидней хотод ажиллан амьдарч, Монгол орны ахуй соёл, ёс заншлыг сурталчлан хоёр орны иргэд хооронд харилцан өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв.
Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх, Монгол орноо сурталчлах хүрээнд зохион байгуулагдсан уг арга хэмжээний үеэр монгол ардын уртын дуу, морин хуур, хөөмийн тоглолтыг толилуулж, монгол үндэсний хоолоор зоог барьсан нь олны талархлыг хүлээв.
 
May be an image of 3 people and people standing

May be an image of 6 people and people standing