АВСТРАЛИД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Австрали Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр 2020 оны 9 дүгээр сарын 9-ний байдлаар тус улсад Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ний 26,468 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 781 хүн нас барж, 22,719 хүн бүрэн эдгэрсэн бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд 6,730,397 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Нийт 2,968 идэвхтэй тохиолдлын 264 нь эмнэлэгт, үүнээс 29 хүн хүнд байдалтай эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Мужуудаар нь авч үзвэл Шинэ Өмнөд Уэльс 4135, Күинсланд 1143, Викториа 19691, Өмнөд Австрали 465, Баруун Австрали 658, Тасмани 230, Австралийн нийслэлийн бүс нутаг 113, Хойд бүс нутаг 33 тохиолдол тус тус бүртгэгдсэн.
Австралид, ялангуяа COVID-19-ийн хоёрдугаар давлагаанд нэрвэгдээд байсан Викториа мужид, халдварын тоо аажмаар буурч байгаа хэдий ч иргэд та бүхнийг анхаарал сэрэмжээ сулруулахгүй байж, суугаа муж, хотын захиргаа, эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөж, хувийн ариун цэврийг сайтар сахиж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалахыг зөвлөж байна.