АВСТРАЛИД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Австрали Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр 2020 оны 10 дугаар сарын 14-ний байдлаар тус улсад Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ний 27,341 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 904 хүн нас барж, 24,896 хүн бүрэн эдгэрсэн бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд 8,109,490 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Нийт 271 идэвхтэй тохиолдлын 28 нь эмнэлэгт, үүнээс 1 хүн хүнд байдалтай эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Сүүлийн долоо хоногт 166 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 117 дотооддоо халдвар авсан, 49 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.
Мужуудаар нь авч үзвэл Шинэ Өмнөд Уэльс 4310, Күинсланд 1161, Викториа 20311, Өмнөд Австрали 479, Баруун Австрали 704, Тасмани 230, Австралийн нийслэлийн бүс нутаг 113, Хойд бүс нутаг 33 тохиолдол тус тус бүртгэгдсэн.
Австралид, ялангуяа Викториа, Шинэ Өмнөд Уэльс мужуудад, шинэ тохиолдлууд гарсаар байгаа тул иргэд та бүхнийг анхаарал сэрэмжээ сулруулахгүй байж, суугаа муж, хотын захиргаа, эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалахыг зөвлөж байна.