АВСТРАЛИД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Коронавирусийн дэгдэлтээс үүдэн үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулан Канберрад суугаа ЭСЯ эндээ авч хэрэгжүүлж болох арга хэмжээнүүдээ ч төлөвлөн гүйцэлдүүлэхээр хичээн ажиллаж байгаа тухайгаа өмнө нь мэдээлсэн.

Австралийн Холбооны Засгийн газар, мужуудийн захиргаанаас наанадаад иргэдийнхээ амьжиргаа, цаанадаад эдийн засгаа хамгаалахаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүдэд тус оронд урт, богино хугацаагаар буй гадаадын иргэдийг хамруулах эсэхийг анхааралтай ажиглан шаардлага бүхий монгол иргэдэд хүртээх боломжийг судалж байна. Виз сунгалтад гарц олсон шигээ монгол иргэдийн аливаа санал, хүсэлтийг нэгтгэн холбогдох байгууллагуудад нь хандан ажиллаж байна.

Манай иргэдээс ЭСЯ руугаа утасдан санал гомдолд оюутан хүн ажилгүй болсноор мөнгөгүй боллоо, аяллын визээр ирээд мөнгөгүй боллоо яах вэ гэсэн асуулт цөөнгүй гарч, австралийн талд уламжилж өгөхийг шаардах тохиолдол ч мэр сэр гарч байна. Австралид вирусийн дэгдэлт өдрөөс өдөрт нэмэгдэж, мужууд шил шилээ даран онцгой байдал зарласнаар жижиг, дунд үйлдвэрүүд, үйлчилгээний газрууд түр хаагдан сул зогсолт хийгээд эхэлсэн. Үүнийг дагаад ажилгүйдэл бодитоор бий болно. Нэг цагийн ажлын хөлсөөрөө дэлхийд тэргүүлдэг, түүнийгээ дагаад амьжиргааны өртөг өндөр энэ оронд ажилгүй нэг хоноход л зардлаа гүйцэхээ байна гэдгийг ЭСЯ сайн мэдэж байгаа. Төвдөө ч мэдээлсээр ирсэн.

Мөнгөгүй боллоо гэх асуудлыг нэгтгэн австралийн талд тавихад нэг хүндрэл гарна гэдгийг энд онцлох хэрэгтэй байна. Австрали Улсад байгаа 7000 орчим монгол иргэдээс 3000 гаруй нь оюутны визтэй иргэд байдаг бөгөөд тэдний Австралид ирсэн үндсэн зорилго нь ажил хийх биш суралцах учраас анх оюутны визэнд мэдүүлгээ өгөхдөө нэмэлт ажил хийхгүй ч гэсэн амьжиргаагаа аваад явчих санхүүгийн боломжтой гэдгээ нотолсон байдаг. Оюутны визтэй иргэдийн гэр бүлийн гишүүд холбогдох визээ авахдаа санхүүгийн хувьд асуудалгүй гэдгээ мөн нотолдог. Аяллын визээр ирж буй хүмүүс ч мөн адил. Ийм учраас манай иргэд ажилгүй, мөнгөгүй боллоо гэсэн асуудлыг бид айлын талд тавьж болдоггүйг зөвөөр ойлгоно уу.

Визийн сунгалтыг хэрхэн шийдвэрлэж болох талаар тухайн үед цаг алдалгүй иргэддээ мэдээлсэн шигээ төлөвлөж буй юмаа хэрэгжсэн, хэрэгжих магадлал өндөр болсон үед нь ЭСЯ нийтэд зарлаад явж байгаа. Асуудлыг түүхий үед нь ингэх гэж байна тэгэх гэж байна гэж зарлаж, хүмүүсийн санаа бодлыг үймүүлэх эрх бидэнд байхгүй.

Шинэ мэдээлэл гармагц бид ЭСЯ-ны цахим хуудас, фэйсбүүк дээр цаг алдалгүй тавина. Өдөр бүр орж байгаарай. Дээрх сувагуудаар цацагдаагүй, онцгой яаралтай зүйл асуух, лавлахаар бол ЭСЯ-нд утас, мэссэж, цахим шуудангаар хандаарай.

Асуудлыг өргөн хүрээнд харан бэрхийг хамтдаа туулах, тойрох гэсэн сэтгэлтэй монгол иргэн олон буй нь талархууштай. Бусдадаа тус дэм болох мэдээлэл, зөвлөмжүүдийг постолж буй иргэн ч олон буйг харах сайхан байна.

Одоо яах юм бэ гэдэг асуултыг дэлхийгээрээ тавьж буй энэ үед хувь хүн бүр хичээх, арга саам хайх, элдэв гарцын санал байвал түүнийгээ ЭСЯ-ндаа тавин нийтийн эрх ашгийн үүднээс шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дахин уриалж байна.