АВСТРАЛИД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Австрали Улсын Ерөнхий сайд Скотт Моррисон 2020 оны 3 дугаар сарын 30-нд олон нийтэд хандан шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн тархалттай холбогдуулан Үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдийн талаар мэдэгдэл хийж, дараах зүйлсийг онцлов. Үүнд:

– Үүсээд буй нөхцөл байдал багадаа 6 сар үргэлжлэх магадлалтай тул австраличууд зохих бэлтгэлээ базааж, зайт харьцаа (social distancing)-г чанд мөрдөх;

– Халдвар авч хүндрэх магадлал өндөртэй тул 70-аас дээш настай иргэд, эрүүл мэндийн асуудалтай, ужиг өвчинтэй 60-аас дээш настай иргэд, эрүүл мэндийн асуудалтай, ужиг өвчинтэй 50-иас дээш настай уугуул иргэд аль болох гэртээ байх, гарахдаа хүмүүстэй уулзахгүй байх;

– Сургууль, цэцэрлэгийг хаах асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэх;

– Албан байгууллагын болон хувийн сууцын түрээсийн асуудалд зохицуулалт хийх, хөнгөлөлт үзүүлэх асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэх, зэрэг болно.

Үндэсний зөвлөлийн дараагийн хурал 2020 оны 4 дүгээр сарын 3-нд зохион байгуулагдана.

Австрали Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр 2020 оны 3 дугаар сарын 31-ний 06.30 цагийн байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн 4,359 (+266) тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 19 хүн нас барж, 244 хүн бүрэн эдгэрсэн. Мөн шинжилгээнд 230,000 хүнийг хамруулаад байна.