АВСТРАЛИД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Австрали Улсад 7000 гаруй монгол иргэн сурч, ажиллан амьдардаг. Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас үүдэн буцаж чадахгүй боогдсон, амьжиргааны нөхцөл байдал хүндэрсэн болон бусад шалтгаанаар эх орон руугаа явах зайлшгүй шаардлагатай монгол иргэдийн судалгааг 3 дугаар сарын 15-наас гаргаж эхэлсэн.
 
Иргэдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч, нэгтгэсэн жагсаалтыг өдөр өдөрт нь шинэчлээд ГХЯ-аараа дамжуулан Улсын онцгой комисст хүргүүлсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар 998 хүний хүсэлтийг төвдөө уламжилсны дотор эмнэлэгт эмчлүүлж байгаа хүнд өвчтөн 3, эмнэлгийн хяналтад байдаг 37, ахмад настан 135 (эрэгтэй 60-аас дээш, эмэгтэй 55-аас дээш настай), жирэмсэн 40, 0-2 насны хүүхэд 57, 3-16 насны хүүхэд 158, ажилгүй, мөнгөгүй болсон гэх 133 хүн байна.
 
Та бүхэнд өмнө нь мэдээлж байсны дагуу ЭСЯ-ны зүгээс иргэдээ буцаах асуудлаар Монгол Улсын ГХЯ-тайгаа байнга холбогдон хамтран шийдэл, гарц олохоор ажиллаж байна. Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам, Дотоод хэргийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай ч идэвхтэй ажиллаж байна. Чингэхдээ монгол иргэдийг Австралиас Монгол руу явуулж болох нислэгийн бүхий л төрөл, замыг судалж, хөөцөлдөж байна.
 
Нөхцөл байдал хүнд байгаа. Цаашид ч улам хүндэрч болзошгүйг бид мэдэж байгаа. Та бүхэн дор бүрнээ хичээн, хүлээцтэй хандаж байгаад талархаж байна.
 
Австралид буй иргэдээ нутаг буцаах асуудлаар ямар нэгэн нааштай шийдвэр гарвал ЭСЯ-ны фэйсбүүк болон цахим хуудсаараа Та бүхэнд албан ёсоор мэдээлэх болно.