АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД, ПАПУА ШИНЭ ГВИНЕЙ УЛСУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

2020 оны 7 дугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн төлөвлөгөөг шинэчилж, Сөүл хот руу 2 нэмэлт нислэг, Сидней хот руу 1 нислэг үйлдэх болсноо Улсын онцгой комисс өнгөрсөн 5 дахь өдөр буюу 7 дугаар сарын 17-нд зарласан.
Энэ нь Австрали Улс, Шинэ Зеланд Улс, Папуа Шинэ Гвиней Улсад гацаад буй эдгээр монгол иргэдийн нөхцөл байдлыг Улсын онцгой комисс болон Гадаад харилцааны яамны Консулын газар сайн мэдэж байгаагийн илрэл юм.
 
Тус ЭСЯ-нд хандан эх орондоо буцах хүсэлтээ гаргасан 1222 иргэний нэрсийн жагсаалтыг 7 дугаар сарын 17-ны Баасан гарагт шинэчлэн холбогдох өргөдөл, хүсэлтийн хамт УОК-т дахин хүргүүлсэн. Эл жагсаалтад бага насны хүүхэдтэй гэр бүл 561, жирэмсэн эмэгтэй, түүний гэр бүлийн гишүүд 77, 60-аас дээш насны өндөр настан, асран хамгаалагчийн хамт 67, хөгжлийн бэрхшээлтэй 8, эрүүл мэндийн шалтгаантай 71, бусад хүндэтгэх шалтгаантай 438 иргэн байгаа.
 
Сиднейд ирэх МИАТ-ын онгоцны тухайд Улаанбаатар-Себү-Сидней-Себү-Улаанбаатар чиглэлээр нисгэхээр холбогдох бүх зөвшөөрлийг хөөцөлдөж эхлээд байна. Бүх зөвшөөрлүүд гарч амжвал 7 дугаар сарын 30-нд Сиднейгээс нисгэхээр төлөвлөж байна. Нислэгийн цагийн нарийн хуваарь, тийзийн үнийн тухайд ойрын хугацаанд мэдэгдэнэ.
 
Дээрх онгоцонд багтаах иргэдийн нэрсийг тус ЭСЯ-наас явуулсан 1222 хүнээс Улсын онцгой комиссын Шуурхай штаб сонгоод 7 дугаар сарын 23-наас хэтрүүлэлгүй бидэнд мэдэгдэх болно.
 
Тус ЭСЯ-ны хувьд эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах, бүртгэх, нэрсийн жагсаалтыг өргөдлүүдийн хуулбарын хамт Улсын онцгой комисст тухай бүр шинэчлэн хүргүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд тэдний дуу хоолойг нэгтгэн холбогдох байгууллагуудад уламжилж, иргэдээ буцаах боломжит бүх хувилбарыг санал болгон нааштай шийдвэр гаргуулахаар ажиллаж ирсэн. Цаашид ч хичээн ажиллана.
 
Шинэ мэдээ гармагц ЭСЯ та бүхэнд мэдээлэх болно.