АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД, ПАПУА ШИНЭ ГВИНЕЙ УЛСУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Шинэ төрлийн коронавирус (COVID-19) илэрсэн тухай энэ оны 1 дүгээр сарын сүүлчээр дэлхийгээр шуугин БНХАУ хэд хэдэн хотдоо хөл хорио тогтоох үед Австрали, Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней Улсуудад манай улсын 7200 орчим иргэн, тэр дундаа Австрали Улсад 7100 гаруй иргэн байсан.

Коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор манай улс 2 дугаар сарын 15-наас БНХАУ-тай агаарын зорчигч тээврээ хязгаарласан. Австралид түр ирсэн хүмүүсийн ихэнх нь БНХАУ-аар дамжин буцах тийзтэй байсан тул ЭСЯ-ндаа хандаж эхэлсэн. Үнэхээр буцах шаардлагатай ахул БНХАУ-аар дамжин буцах замыг нээгдэхийг хүлээлгүй БНСУ, Япон Улсын аль нэгээр дамжин буцахыг тухайн үед зөвлөж байсан. Ингэж зөвлөсний дагуу тэдгээр улсаар дамжин 200-аад монгол иргэн буцсан. Манай улс 2 дугаар сарын 25-наас БНСУ-тай, 2 дугаар сарын 28-наас Япон Улстай тус тус агаарын зорчигч тээврээ хязгаарласан. Буцах иргэдийн урсгал тасраагүй байсан тул ЭСЯ-нд хандах иргэд байсаар байсан. Тэдэнд БНТуркУ, ОХУ-аар дамжин буцахыг зөвлөсөн. Тэр маршрутаар 200-аад монгол иргэн мөн буцсан. Манай улс 3 дугаар сарын 11-нээс БНТуркУ, ОХУ-тай тус тус агаарын зорчигч тээврээ хязгаарласан. Иргэдийг буцаах цорын ганц зам нь Австралиас ОХУ руу нисгэн Хиагт-Алтанбулагаар явган хил нэвтрүүлэх л болж үлдсэн. 3 дугаар сарын 14-нийг хүртэл энэ замаар 20 иргэн буцсан. Гэтэл ОХУ гадаадын иргэдийг хилээрээ оруулахаа больсноор энэ зам хаагдсан. Өөрөөр хэлбэл Австралиас Монгол Улсад хүрэх бүх зам хязгаарлагдсан.

Ингээд тус ЭСЯ Австрали Улс, Шинэ Зеланд Улс, Папуа Шинэ Гвиней Улсад гацаад буй монгол иргэдийг 3 дугаар сарын 15-наас эхлэн бүртгэж, өргөдөл гомдлыг Улсын онцгой комисст тухай бүр шинэчлэн хүргүүлж ирсэн. Бүртгэж эхэлснээс хойш 1894 иргэн эх орондоо буцах хүсэлтээ гаргасан. Нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудад байнга илтгэн иргэдээ буцаах боломжит бүх хувилбарыг санал болгон нааштай шийдвэр гаргуулахаар ажиллаж ирсний үр дүнд хүсэлт гаргасан 1894 иргэнээс 9 дүгээр сарын 14-ний байдлаар 972 иргэнээ  тусгай үүргийн шууд болон транзит нислэгээр эх оронд нь буцаасан.

Энэ хугацаанд эх орондоо буцах өргөдлөө татаж авсан 257 иргэнийг хасвал одоогоор 665 иргэн буцах хүсэлтэй иргэдийн жагсаалтад байна. Эл жагсаалтын эхнээс холбогдоод ярихаар эх орондоо яаран буцах сонирхолгүй хүмүүс ч гарч ирж байна.

Иймд энэ 9 дүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар чиглэлд нэг шууд нислэг үйлдээд нэг хэсэгтээ ийм нислэг үйлдэх шаардлага байхгүй болжээ гэж тус ЭСЯ дүгнэж байна. Буцах иргэд гарвал транзит нислэгээр шийдэж болох юм.

Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн жагсаалтыг тус ЭСЯ шигшээд шинэчлээд 9 дүгээр сарын 15-ны дотор УОК-т хүргүүлэн 9 дүгээр сарын 25-ны нислэгт багтах иргэдийн нэрсийг баталгаажуулж авна.

Жич: УОК-оос нэр нь батлагдаж ирсний дараа эх орондоо буцахгүй гэж мэдэгдсэн иргэдийн өргөдлийг шийдвэрлэсэн гэж үзэн жагсаалтаас хасах болно. Эх орондоо явах шаардлага нь дахиад гарвал өргөдлөө шинээр өгөн шийдвэрлүүлэх учиртайг анхаарна буйзаа.