“АЖИЛЛАХ БОЛОН АМРАХ” ВИЗ ЭЗЭМШИГЧ МОНГОЛ ИРГЭДИЙН ТҮРҮҮЧ АВСТРАЛИД ИРЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын иргэд 2022 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн Австралийн “Ажиллангаа амрах /Working Holiday Makers/” визийн хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон билээ. Өнөөдрийн байдлаар уг хөтөлбөрийн дагуу Австралийн “Work and Holiday 462” визэнд мэдүүлэхээр манай 204 иргэн Гадаад харилцааны яамны Консулын газраас “Засгийн газрын баталгаат захидал”-аа авсан болно.

“Ажиллах болон амрах” визээ авсан Монголчуудын түрүүч Австралид ирж, дадлага, сургалтаа эхлүүлэхэд бэлэн болов. Энэ хүрээнд Австралийн “Australian Working Adventures” компани “Ажиллангаа амрах” хөтөлбөрт хамрагдан Австралид ирж буй анхны монгол залуусын төлөөлөл болсон манай 2 иргэнийг өнөөдөр буюу 8 дугаар сарын 11-нд хүлээн авахад бэлэн болсноо ЭСЯ-нд мэдэгдсэнийг Та бүхэнд уламжлахад таатай байна. Тус компани нь Австралийн Күинсланд мужийн Брисбэн хотод байршилтай бөгөөд “Ажиллангаа амрах” визийн хөтөлбөрийн дагуу тус улсад гадаадаас ирж буй залуусыг ажлын байранд шаардагдах мэдлэг, дадал олж авахад бэлтгэн, сургалтад хамруулж, ажилд зуучилдаг байгууллага аж. Тэд 1991 оноос хойш 70 гаруй орны 30000 гаруй залуусыг сургаж, Австралид ажиллаж, амьдрахад нь бэлтгэжээ.

Өнөөдөр ирж буй 2 залуу гадаадын бусад орны залуучуудын хамт тус компаниас зохион байгуулж буй 9 хоногийн сургалтад хамрагдаж ажлын байранд шаардагдах дадал, ур чадваруудыг эзэмшинэ. Сургалтын хүрээнд Брисбэн хотод 4 хонож Австралийн ахуй соёл, ажлын байрны хууль дүрэмтэй танилцахын зэрэгцээ каяак завиар аялах зэргээр чөлөөт цагаараа амарч дараа нь ферм дээр 5 хоногийн дадлага хийх юм байна. Сургалтаа дуусгаад дээрх компаниас санал болгох ажлын байрнаас сонгож ажиллах боломжтой юм байна.

“Ажиллангаа амрах” визийн хөтөлбөрт хамрагдан ирж буй монгол залуусын хувьд Австралийн түүх, ёс заншил, ахуй соёлтой танилцах, англи хэлээ сайжруулах, ажиллаж аяллын зардлаа олох, австралийн бизнес эрхлэгчдээс суралцан, тэдний туршлагыг эх орондоо нутагшуулах, эсвэл хэлний мэдлэг, чадвараа сайжруулсан нэг хэсэг нь Австралид цаашид суралцах, мөн хуримтлуулсан туршлага, дадлагатаа тулгуурлан ажиллах зэрэг олон боломж нээгдэж байна.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2022-08-11