ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Австрали Улсад сүүлийн үед ковид-19-ийн тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагийн дотор Австрали даяар нийт 103,749 тохиолдол бүртгэгдэж, 49 хүн нас барж, нийт тохиолдлын тоо 1,245,992-т хүрээд байна. Мужуудаар нь авч үзвэл сүүлийн 24 цагийн дотор Шинэ Өмнөд Уэльс мужид 34,759, Виктория мужид 40,127, Күинсланд мужид 22,069, Өмнөд Австралид 3715, Баруун Австралид 15, Тасманид 1583, Хойд бүс нутагт 403, Австралийн нийслэлийн бүс нутагт 1078 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Үүний дотор зарим мужууд PCR тестээс гадна түргэвчилсэн /RAT/ тестийн хариуг халдварын бүртгэлийн тоонд нэмж оруулдаг болсон.
 
Монгол иргэд олноор оршин суудаг Шинэ Өмнөд Уэльс мужийн захиргаанаас 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн түргэвчилсэн тестийн хариу эерэг гарвал https://www.service.nsw.gov.au/transaction/register-positive-rapid-antigen-test-result цахим хуудсанд бүртгүүлэх тухай шийдвэрийг гаргасан байна.
 
Иймд мужийн захиргаанаас 2022 оны 1 дүгээр сарын 12-наас буюу өнөөдрөөс эхлэн 16 ба түүнээс дээш насны бүх хүмүүс түргэвчилсэн тестийн эерэг хариугаа 24 цагийн дотор заавал бүртгүүлэхийг шаардаж байна. Хэрэв бүртгүүлэхгүй бол 1000 долларын торгууль ноогдуулна хэмээн мэдэгдсэнийг анхааруулж байна.
 
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2022-01-12