ИРГЭН ТАНД ХҮРГЭХ ЭНГИЙН ТАВАН ЗӨВЛӨГӨӨ

• Хэрэв таны Австралид оршин суух визийн хугацаа дуусгавар болж байгаа бол яах вэ?

Иргэн таны Австралид түр оршин суух визийн хугацаа дуусгавар болсон, мөн хугацаа ойртож буй бол та өөрийн immiaccount-аар онлайнаар болон өөрт ойр буй Цагаачлалын албанд очиж визээ сунгуулах хүсэлтээ гаргахыг зөвлөе. Харин визийн төлбөр төлөх боломжгүй тохиолдолд “BRIDGING E VISA” ангиллын түр визэд мэдүүлгээ өгнө үү. Уг ангиллын визэд мэдүүлэхдээ та Шинэ коронавирусийн COVID-19 тархалтын улмаас Австрали Улсаас гарч чадахгүй болсноо, мөн нөхцөл байдал өөрчлөгдөж, онгоцны нислэг хэвийн болмогц Австралиас гарна гэдгээ, Австралид байх хугацааны зардлаа бүрэн хариуцах санхүүгийн боломжтой гэдгээ тус бүр нотлох шаардлагатай юм. Дээрх визийг мэдүүлчихсэн байх үед Австралиас гарахаар боломж олдсон тохиолдолд ч ямар нэгэн зөрчил үүсэхгүй юм.

• Хэрэв таны байрны түрээсийн төлбөр нэхэгдэж, та төлбөрөө төлөх боломжгүй болсон бол яах вэ?

Иргэн та байрны түрээсийн төлбөрөө төлж дийлэхгүй, санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон бол эхний ээлжид өөрийн амьдарч буй байрны эзэн, түрээсийн зуучлалын компанитайгаа яаралтай холбогдож, үүсээд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, түрээсийн төлбөрөөс багасгаж өгөх, эсхүл хэсэг хугацаанд төлбөрийг хойшлуулж өгөх хүсэлтээ гаргаарай. Байрны эзэн бүр, түрээсийн зуучлалын компани бүр нааштайгаар шийдвэрлэхгүй байж болох ч наанатай цаанатай хүлээн авч, шийдвэрлэж буй хувь хүмүүс, зуучлалын компаниуд бий.

• Хэрэв таны байрны цахилгаан, газын хэрэглээний төлбөр нэхэгдэж, та төлбөрөө төлөх боломжгүй болсон тохиолдолд яах вэ?

Иргэн таны оршин суугаа байрны цахилгаан болон газын хэрэглээний төлбөр төлөх хугацаа ойртсон, та төлөх боломжгүй байгаа бол танайд дээрх үйлчилгээг үзүүлж буй компанийн хэрэглэгчийн төвтэй утсаар яаралтай холбогдож, хэрхэх талаар хүсэлтээ гаргана уу.

• Хэрэв та шинэ төрлийн коронавирусын COVID-19 халдварын шинжилгээ өгөх хүсэлтэй байгаа тохиолдолд хаана өгөх боломжтой вэ?

Хэрэв иргэн танд COVID-19 халдварын шинж тэмдэг илэрсэн гэж үзэж буй тохиолдолд та өөрийн үйлчлүүлдэг GP (Өрхийн эмнэлэг)-дээ хандах, эсвэл ойр буй эмнэлгийн түргэн тусламжид хандана уу. Хэрэв танд шинж тэмдэг илрээгүй тохиолдолд шинжилгээ өгөх шаардлагагүйг Австралийн Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна. Харин утсаар холбогдож зөвлөгөө, тусламж авах бол 1800 020 080 утсаар холбогдоно уу.

• Хэрэв та COVID-19 халдвар авсан тохиолдолд таны даатгалын компаниас эмчилгээний төлбөрийг барагдуулах юу?

Австралид сурч, ажиллан амьдарч буй манай улсын иргэдийн дийлэнх хувь нь “BUPA” болон “MEDIBANK” зэрэг даатгалын компаниар үйлчлүүлдэг. COVID-19 халдвартай тохиолдуулан “BUPA” компаниас санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон, халдвараар өвдсөн гишүүдийн эмчилгээний зардалд зориулсан 50 сая австрали долларын санхүүжилт баталснаа зарласан, харин “MEDIBANK” компаниас одоогоор мэдэгдсэн зүйл байхгүй хэдий ч тус ЭСЯ-наас тус тус компанитай холбогдоход эмчилгээний зардлыг тухайн иргэний даатгалын багцаас шалтгаалан эмчилгээний төлбөрийг төлнө гэдгээ мэдэгдсэн.