МИНИЙ МОНГОЛ НААДАМ – Уралдаант шалгаруулалт

Нэг. Зорилго

ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн “Наадам”-ыг олон улсад сурталчлах, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах, түүх, соёл, өв уламжлалаа өвлүүлэн үлдээх зорилгоор “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад зохион байгуулах, амжилттай сайн зохион байгуулсан байгууллага, иргэдийг урамшуулах, алдаршуулахад оршино.

Хоёр. Ерөнхий зохион байгуулагч

Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо “Миний Монгол наадам” уралдааны ялагчдыг шалгаруулна.

Гурав: Наадам зохион байгуулахад тавигдах шаардлага, шалгуур

“Миний Монгол наадам” уралдаанд хилийн чанад дахь монгол иргэд, холбоод, нийгэмлэг, ТББ (цаашид оролцогч гэх) оролцоно. Оролцогч бүр 2018 оны 7 дугаар сарын 01-ний дотор Монгол Улсын Гадаад харилцааны яамны dep11@mfa.gov.mn хаягаар бүртгүүлсэн байна.

“Миний Монгол наадам” уралдааны ялагчийг шалгаруулж байр эзлүүлэхдээ дараахь шалгуурыг баримтална. Үүнд:

  1. Нийт оролцогчдын тоо 1-5 оноо
  2. Тухайн орны хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн, нэвтрүүлэгдсэн тоо 1-5 оноо
  3. Жиргээ (Твитер)-нд авсан “Re-tweet”-ын тоо 1-5 оноо
  4. Нүүр ном (Фэйсбүүк)-ны “Like”-ын тоо 1-5 оноо
  5. Эрийн гурван наадмыг хамруулсан байдал 1-5 оноо
  6. Монгол үндэсний өв, соёлыг сурталчилсан арга хэмжээ 1-5 оноо

Дөрөв. Тайлан

“Миний Монгол наадам” зохион байгуулсан тайланг 2018 оны 7 дугаар сарын 20-ны дотор Монгол Улсын Гадаад харилцааны яамны dep11@mfa.gov.mn хаягаар цахим хэлбэрээр оруулан ирүүлэх бөгөөд тайланд дараахь зүйлс багтсан байна. Үүнд:

Энэхүү зааврын 3-р бүлгийн i-vi-д заасан мэдээлэл, баримт, видео, фото
Зохион байгуулсан наадмын албан ёсны хөтөлбөр, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн, холбоо барих хаяг
Санхүүгийн тайлан

Тав. Санхүүжилт

“Миний Монгол наадам”-ыг тухайн улс, хотод зохион байгуулах зардал болон тайлан ирүүлэх зардлыг тухайн наадмыг зохион байгуулагч, уралдаанд оролцогчид өөрсдөө хариуцна.

Зургаа. Шагнал, урамшуулал

“Миний Монгол наадам”-ыг амжилттай зохион байгуулсан 3 оролцогчийг шалгаруулан Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос шагнал гардуулна. Байр эзэлсэн оролцогчдыг Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг Гадаад харилцааны яам хариуцана.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ