МОНГОЛ СУДЛАЛЫН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэн  хамтран “Mongolia Update II: Health and Wellbeing” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 22-нд цахим хэлбэрээр зохион байгуулав.

Уг бага хуралд Монгол, Өвөр Монгол, Австралиас эрдэмтэн судлаачид оролцож, уламжлалт анагаах ухаан, цар тахалтай тэмцэж буй туршлага, сорилт бэрхшээлийн талаар илтгэл тавьж, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Уламжлалт анагаах ухааны Оточ Манрамба их сургуулийн захирал, Монгол Улсын Хүний гавьяат эмч Хамба лам Д.Нацагдорж үндсэн илтгэгчээр оролцов. Элчин сайд Д.Даваасүрэн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас монгол судлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж буйг онцлон тэмдэглэж, Элчин сайдын яам Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнг үргэлжлүүлэн тууштай дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэн нь 2011 онд байгуулагдсан бөгөөд “Монгол судлал”, “Mongolia Update” бага хурлуудыг тогтмол зохион байгуулж ирсэн.