Цахим итгэмжлэл үйлдэх заавар

  1. Итгэмжлэлийг хянах болон баталгаажуулах Дипломат төлөөлөгчийн газрыг заавал сонгох

  1. “Төлөөлүүлэгч” хэсэгт өөрийн Австрали дахь гэрийн хаягийг кирилл үсгээр галиглан бичих, өөрийн регистрийн дугаар, ургийн овог, эцэг/эх-ийн нэр, өөрийн нэр, Австрали дахь гар утасны дугаар зэргийг алдаагүй бичсэн байх;

Нэгээс дээш “Төлөөлүүлэгч” байх тохиолдолд баруун дээд хэсэгт байрлах “Шинэ төлөөлүүлэгч нэмэх” товчийг дарж нэмэх

  1. “Төлөөлөгч” хэсэгт Монгол Улсад таныг төлөөлөх хүний мэдээлэл буюу Монгол дахь гэрийн хаяг, регистрийн дугаар, ургийн овог, эцэг/эхийн нэр, өөрийн нэр, Монгол дахь гар утасны дугаарыг үнэн зөв, алдаагүй бичээд “ДАРААХ” товчийг дарж “Итгэмжлэлийн эрх олгох” хэсэг рүү шилжих

  1. “Ерөнхий итгэмжлэл” доторх эрхийн мэдээлэл хэсэгт дараахь үндсэн хэсгүүд байх бөгөөд үндсэн хэсэг тус бүрийн өмнө “+” тэмдгийг дарахад эрх олгох үйлдлийн жагсаалтууд гарч ирнэ. Эдгээр эрх олгох жагсаалтаас Та “Төлөөлөгч”-дөө олгох эрхээ сонгох боломжтой бөгөөд таны олгохыг хүсэж буй эрх уг жагсаалтад байхгүй тохиолдолд “бусад” гэх хэсгийг сонгосноор жагсаалтын дээд хэсэгт нэмэлт мэдээлэл бичиг цонх гарч ирснээр шаардлагатай мэдээллээ тусгах боломжтой.

Жишээ: Мобиком компанийн 99000000 дугаартай холбоотой үйлдэл хийх талаар жишээ болгож үзүүлэв. Түүнчлэн, аливаа итгэмжлэлд “баримт бичигт гарын үсэг зурах” гэсэн эрхийг сонгож байхад анхаарна уу

  1. “Бусад нөхцөл” хэсэгт Та итгэмжлэлийн хүчинтэй хугацааны мэдээллийг оруулах ёстой бөгөөд нотариатын тухай хуулиар итгэмжлэлийн хүчинтэй хугацаа 3 жилээс хэтрэхгүй байх тул энэ хэсэгт оруулж буй мэдээллээ сайтар нягтална уу.

  1. “Хавсралт” хэсэгт Төлөөлүүлэгч өөрийн гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Төлөөлөгчийн иргэний үнэмлэх болон уг итгэмжлэлд хавсаргагдах шаардлагатай бусад баримт бичгийн хуулбаруудын PDF, JPG, PNG өргөтгөлтэй файлуудыг зурагт үзүүлсэн “+” дээр дарж, нэг бүрчлэн нэмнэ.

Жич: Зайнаас үйлчилгээ авч буй иргэдийн тухайд Төлөөлүүлэгчийн гадаад паспортын баталгаажуулсан хуулбар буюу Австралийн post office эсвэл pharmacy зэрэг итгэмжлэгдсэн газарт үйлддэг “Certified to be true” тамга даруулсан хуулбарыг хавсаргах шаардлагатайг анхаарна уу.

  1. “Үйлдэл харах” хэсэгт Төлөөлүүлэгчийн цахимаар үйлдсэн итгэмжлэлийн анхны бичвэр харагдах бөгөөд хянах боломжийг олгодог. Төлөөлүүлэгч итгэмжлэл дээрх мэдээллүүдээ нарийвчлан шалгаж, алдаатай бол “Өмнөх” товчийг дарж засах боломжтой. Доорх зурагт буй тодруулсан хэсгийн мэдээллүүдээ сайтар нягтлах шаардлагатай.

  1. Дээрх мэдээллүүдээ шалгаад “Хадгалах” товчийг дарснаар доорх төлөв харагдах бөгөөд итгэмжлэлээ алдаагүй үйлдсэн гэж үзвэл “Хянуулах” товчийг дарснаар Төлөөлүүлэгчийн хүсэлт ЭСЯ-ны консулын ажилтан руу илгээгдэнэ.

  1. ЭСЯ-ны Консулын ажилтан Төлөөлүүлэгчийн итгэмжлэлийг хянаад, алдаатай тохиолдолд тодорхой тайлбар, анхааруулгыг бичээд итгэмжлэлийг буцаана. Хэрэглэгчийн эрхээр харахад доорх зурагт үзүүлсэн байдлаар “Буцаасан” гэх төлөвт орсон байна.

  1. “Буцаасан” гэх төлөвийг дарахад консулын ажилтнаас ирүүлсэн тайлбар, анхааруулга харагдах бөгөөд Төлөөлөгч холбогдох засвар, өөрчлөлтийг тусгаад “Хянуулах” товчийг дарж дахин ЭСЯ-ны консул руу илгээнэ.

  1. ЭСЯ-ны консулын ажилтнаас “Зөвшөөрсөн” төлөвтэй ирсэн Төлөөлүүлэгчийн итгэмжлэлд системээс дугаар болон QR код олгогдоно.

  1. Дугаар болон QR код олгогдсон итгэмжлэлийг Төлөөлүүлэгч хэвлэн гаргаж, өөрийн баталгаат гарын үсгээ зурж, дор дурдсан хавсралтуудын хамт тус ЭСЯ-ны хаягаар шуудангаар илгээнэ. Түүнчлэн таны цахим нотариат ЭСЯ-ны Консулаас баталгаажиж ирсэний дараа төлбөрөө төлөх шаардлагатайг анхаарна уу.
  2. ЭСЯ-наас иргэний гарын үсэг зурсан итгэмжлэлийг хүлээн авч,  нотариатаар баталгаажуулж, e.notary.mn/consul/login системд байршуулсны дараа доорх жишээ зурагт харагдаж байгаачлан Төлөөлүүлэгч нь өөрийн итгэмжлэлийн зүүн доод буланд хэвлэгдсэн QR код болон үсэг тооноос бүрдсэн 12 орон бүхий кодыг Монголд байгаа Төлөөлөгчид өгөх ёстой бөгөөд Төлөөлөгч уг кодоор өөрт ойр байрлах дурын нотариатчаас итгэмжлэлээ хэвлүүлэн, баталгаажуулж авах боломжтой юм.

ЕРӨНХИЙ ИТГЭМЖЛЭЛ

  1. Итгэмжлэл
    2. Төлөөлүүлэгчийн паспортын хуулбар (Certified to be true буюу баталгаажуулсан хуулбар)
    3. Төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл паспортын хуулбар
    4. Үйлчилгээний хураамж 16 австрали доллар

Дээрх материалуудыг тус Элчин сайдын яамны шуудангийн хаягаар илгээнэ. Тус ЭСЯ таны итгэмжлэлийг хүлээн авч, нотариатаар баталгаажуулсны дараа цахим нотариатын системд байршуулснаар таны бүртгүүлсэн цахим шуудан руу 12 оронтой QR код очих болно. Ингэснээр та Монголд итгэмжлэл хүлээн авах хүндээ тус дугаарыг өгч, ойролцоох нотариатаас итгэмжлэлээ авах боломжтой болно.

 Итгэмжлэлээ тус ЭСЯ-нд хүргэгдсэн эсэхийг Австралийн шуудангийн https://auspost.com.au/mypost/track/#/search холбоосоор нэвтэрч, дугтуйныхаа дугаарыг оруулан шалгаж байна уу.

Анхаарах: Хэрэглэгчийн эрхээр нэвтрэн ороход Ерөнхий итгэмжлэлээс гадна Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой, Шүүхэд төлөөлөх, Газар эзэмших болон бусад үйлдэл хийх итгэмжлэлийг төлөвүүд байх бөгөөд Төлөөлүүлэгч өөрийн зорилгод нийцсэн үйлдлээ сонгох хэрэгтэй.

Төлбөр: Тус ЭСЯ-наас иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээг түргэн шуурхай болгох үүднээс 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нотариатын болон иргэний бүртгэлийн үйлчилгээний хураамжийг дараах хоёр хэлбэрээр төлөх боломжтой болсныг үүгээр мэдэгдэж байна. Үүнд:

  1. Австралийн шуудангийн Money Order-оор төлж, материалтайгаа хамт шуудангаар ирүүлэх,
  2. ЭСЯ-ны доорх дансанд үйлчилгээний хураамжийг шилжүүлж, нотлох баримтыг бусад материалын хамт шуудангаар ирүүлэх,

Account Name: Embassy of Mongolia
BSB Number: 062 900
Account Number: 1102 7223

Жич: Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.

ЭСЯ-ны дансанд төлбөрийг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

– Шилжүүлгийн гүйлгээний утгад үйлчлүүлэгчийн болон үйлчилгээний төрлийг заавал бичнэ. Жишээ нь: Д.Ганболд итгэмжлэл /D.Ganbold itgemjlel/
– Хэрэв та төлбөрөө шилжүүлсэн ч холбогдох бичиг баримтаа ЭСЯ-нд ирүүлээгүй, дутуу ирүүлсэн зэрэг шалтгаанаар 30 хоногоос хэтэрбэл төлбөрийг буцаан олгохгүй, улсын орлого болгохыг анхаарна уу.

Баримт бичгийн хуулбарт тавигдах шаардлага:

– Баримт бичгийг аль болох тод, гаргацтай хэвлэж, хуулбарлаж ирүүлэх,
– Бичиг баримтын хуулбар нь цагаан, цайвар дэвсгэртэй байх,
– Бичиг баримтын хуулбарын хэмжээ нь эх баримтын хэмжээтэй адил байх,
– Итгэмжлэлийг үйлдэхдээ нотариатын болон ЭСЯ-ны тамга дарах зай үлдээх,
– Хэрэв иргэн Танд иргэний үнэмлэх, гадаад паспортыг сканердах /хэвлэх/ боломжгүй тохиолдолд зургийг авч хуулбарлахдаа гар, хуруу, хумс зэргийг оруулахгүй байхыг анхаарах.

– Гадаад паспортын хуулбар үнэн болохыг Австралийн шуудангийн салбарууд болон зарим эмийн санд баталгаажуулах боломжтой.