ШИНЭ ЗЕЛАНДАД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Шинэ Зеланд Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр 2020 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн 708 (+61) тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 1 хүн нас барж, 82 (+8) хүн бүрэн эдгэрсэн бөгөөд бусад өвчтөний биеийн байдал тогтвортой байна. Эрүүл мэндийн байгууллагууд 23,481 гаруй хүнийг шинжилгээнд хамруулаaд байна.

Шинэ Зеландад 3 дугаар сарын сүүлээр COVID-19-ийн халдвар хурдацтай нэмэгдсэн бөгөөд гадаадын орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд (нийт тохиолдлын 51%) давамгайлж байна. COVID-19-ийн халдварт 20-29 насны ангилал (183 тохиолдол буюу 25% орчим) хамгийн өртөмтгий байна. Мөн нийт тохиолдлын 51% нь гадаадын оронд аялаад ирсэн, 30% нь халдвар авсан хүнтэй ойрын хавьтал, 1% нь дотооддоо олон нийтийн газраас халдвар авсан бол 18%-ийн эх үүсвэрийг тогтоохоор судалж байна.

Хурдацтай тархаж буй COVID-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Засгийн газар 2020 оны 3 дугаар сарын 25-ны 23.59 цагаас эхлэн сэрэмжлүүлгийн түвшинг (аlert level) хамгийн дээд буюу 4 дүгээр түвшин болгож, хилээ хааж, халдварын дэгдэлтийг хязгаарлах, бууруулахад чиглэсэн бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байна. Ерөнхий сайд Жасинда Ардерн энэ байдал багадаа нэг сар үргэлжлэхийг онцлоод ард иргэдээ Засгийн газрын зөвлөмж, шийдвэрийг чанд даган мөрдөхийг уриалсан. 4 дүгээр түвшинд сургууль, цэцэрлэг, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газруудыг хааж, олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцалж, чухал шаардлагатай биш аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, халдвар авсан хүмүүсийг яаралтай олж илрүүлэх, тусгаарлах зэрэг ажлууд хийгдэж байна. Өмнө нь гадаадын оронд аялаад ирсэн, эсхүл халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болсон хүмүүсийг дийлэнхдээ шинжилгээнд хамруулж байсан бол сүүлийн өдрүүдэд халдварын ерөнхий шинж тэмдэг илэрч буй хүмүүсийг шинжилгээнд өргөнөөр хамруулж эхлээд байна.

Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамны цахим хуудасны график мэдээллийг доор үзүүлэв.

COVID-19-ийн халдвар авсан тохиолдлын тоо, дүүргээр

COVID-19-ийн халдвар авсан тохиолдлууд, нас болон хүйсээр

COVID-19-ийн халдвар авсан тохиолдлууд, угсаатны бүлгээр