ШИНЭ ЗЕЛАНДАД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Шинэ Зеланд Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр 2020 оны 4 дүгээр сарын 2-ны байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн 797 (+89) тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 1 хүн нас барж, 92 (+10) хүн бүрэн эдгэрсэн бөгөөд бусад өвчтөний биеийн байдал тогтвортой байна. Эрүүл мэндийн байгууллагууд 26,015 гаруй хүнийг (өдөрт дунджаар 1,835) шинжилгээнд хамруулаaд байна.
 
Хурдацтай тархаж буй COVID-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Засгийн газар 2020 оны 3 дугаар сарын 25-ны 23.59 цагаас эхлэн сэрэмжлүүлгийн түвшинг хамгийн дээд буюу 4 дүгээр түвшин болгож, багадаа 1 сарын хугацаатайгаар хилээ хааж, халдварын дэгдэлтийг хязгаарлах, бууруулахад чиглэсэн бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 4 дүгээр түвшинд сургууль, цэцэрлэг, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газруудыг хааж, олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцалж, чухал шаардлагатай биш аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, халдвар авсан хүмүүсийг яаралтай олж илрүүлэх, тусгаарлах зэрэг ажлууд хийгдэж байна. Энэ хүрээнд өмнө нь гадаадын оронд аялаад ирсэн, эсхүл халдвар авсан хүнтэй ойрын хавьтал болсон хүмүүсийг дийлэнхдээ шинжилгээнд хамруулж байсан бол сүүлийн өдрүүдэд халдварын ерөнхий шинж тэмдэг илэрч буй хүмүүсийг шинжилгээнд өргөнөөр хамруулж эхлээд байна.
 
Шинэ Зеланд Улс хилээ хааж, хатуу хорио цээрийн дэглэмд шилжсэнээс хойш даруй 7 хоног өнгөрөөд байна. Хэвлэлд дурдсанаар эхний долоо хоногт дараах өөрчлөлтүүд гарсан байна. Үүнд:
 
– Томоохон хотуудын замын хөдөлгөөн их хэмжээгээр буурчээ. Тухайлбал, өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал нийслэл Веллингтон 72 хувиар, Оклэнд 64 хувиар, Крайстчөрч 67 хувиар, Хэмилтон 62 хувиар, Дунедин 69 хувиар тус тус буурсан байна.
 
– Автомашины хөдөлгөөн хязгаарлагдсан, үйлдвэрүүд үүд хаалгаа барьсантай холбогдуулан агаарын бохирдол 70-80 хувиар буурчээ.
 
– Интернетийн ачаалал эрс нэмэгдсэн байна. Ердийн үеийнхтэй харьцуулбал интернетийн ачаалал оройн цагт 27 хувиар, ажлын өдрүүдэд 2 дахин тус тус нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн хамгийн ачаалалтай үе нь баасан гарагийн 20.00 цагийн үед гарсан байна.
 
– Дэлгүүрүүд хаасантай холбогдуулан худалдан авалт огцом багассан байна. Хөл хорионы эхний өдөр л гэхэд цахим гүйлгээ 70 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
 
– Шинэ зеландчууд гэрийн тэжээвэр амьтдыг олноор үрчлэн авсан байна. 3 дугаар сарын 20-25-ны хооронд 1,157 амьтан үрчлэн авсан нь ердийн үеийнхээс даруй 3 дахин их тоо аж.