Элчин сайд Д.Даваасүрэн Брисбэн хотод ажиллав

Элчин сайд Д.Даваасүрэн 2022 оны 6 дугаар сарын 1-нд Брисбэн хотод ажиллаж, “NOJA Power” компанийн гүйцэтгэх захирал Нэйл Осалливан, Чанар, үйлчилгээ хариуцсан захирал Олег Самарски, Санхүү хариуцсан захирал Куйн Ан Лэ, “Worley” компанийн Төсөл хариуцсан дэд ерөнхийлөгч Айвор Пэриэс, Бизнес хөгжүүлэлт хариуцсан захирал Фабрицио Бенедэтти, Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Күинсланд муж дахь салбарын захирал Мелисса Орурк нартай тус тус уулзав.
Тэрбээр Австралийн эрчим хүчний “NOJA Power” компанийн Брисбэн хот дахь үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн талаар мэдээлэл солилцож, Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж байгуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
“Worley” компанийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр Элчин сайд тус компанийн Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн явцын талаар харилцан санал солилцож, Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулав. “Worley” компани нь Оюу толгойн гүний уурхайн төслийн барилгын зохион байгуулалт, инженерчлэл, хангамж нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байгаа бөгөөд Монголд 2016 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.
Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Күинсланд муж дахь салбарын захирал Мелисса Орурктай хийсэн уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн зохицуулах хорооны дарга У.Бямбасүрэн, Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Жамбалсүрэн нар оролцож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.