Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Австралийн Холбооны Улсын Шадар сайд Ричард Марлзтай уулзав

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Австралийн Холбооны Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд энэ өдөр Австралийн Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ричард Марлзтай уулзаж, хоёр тал болон бүс нутаг, олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Уулзалтын эхэнд талууд Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн өдөр биечлэн уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, ойн баярын мэндийг харилцан солилцов.
Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газар Австралийн Холбооны Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа тэргүүлэх ач холбогдол өгдгийг цохон тэмдэглэж, ирэх 50 жилд хоёр улсын харилцааны өнөөгийн түвшинг ахиулах, дээд өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, боловсрол, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, онцгой байдал зэрэг олон салбарт хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч байгааг мэдэгдэв.
Австралийн Шадар сайд Ричард Марлз Шадар сайд С.Амарсайханы дэвшүүлсэн санал, санаачилгатай санал нэгдмэл байгаагаа илэрхийлж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын салбар болон бүс нутаг, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов. Түүнчлэн, Тэрээр Шадар сайд С.Амарсайханыг ирэх өдрүүдэд Австралийн Брисбэн хотноо болох “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази-Номхон далайн орнуудын Сайд нарын бага хурал”-д оролцохоор ирсэнд талархлаа илэрхийлж, бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын хүчин чармайлтад Монгол Улс идэвхтэй оролцож буйд баяр хүргэв. Шадар сайд С.Амарсайхан Австралийн Шадар сайд Ричард Марлзад найрсагаар хүлээн авч, элэгсэг дотноор ярилцсанд талархлаа илэрхийлэв.