Элчин сайдын яам цахим нотариатын системд бүрэн шилжив

Иргэдээс ирүүлэх итгэмжлэлийг https://e.notary.mn/consul/login цахим системээр хүлээн авах туршилтыг хийж буй талаар өмнө мэдэгдсэн билээ.

Монгол Улсын хэмжээнд нотариатын үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тус Элчин сайдын яам зөвхөн цахим нотариатын системээр үйлдсэн итгэмжлэлийг хүлээн авч, баталгаажуулах болсныг мэдэгдэж байна.

Нотариатын үйлчилгээ цахимд шилжсэнээр Төлөөлөгч буюу Монгол Улсад итгэмжлэл хүлээн авч буй хүн нь заавал Гадаад харилцааны яамны Консулын газарт очиж итгэмжлэлээ авах бус өөрт ойр байрлах аль ч нотариатчаас итгэмжлэлээ баталгаажуулж авах давуу талтай болж байгаа юм.

Төлөөлүүлэгч Та итгэмжлэлийн зүүн доод булан дахь QR код болон үсгэн кодыг хүлээн авагчдаа илгээх бөгөөд уг кодоор нотариатч хэвлэж баталгаажуулж өгөх юм.

Үүнтэй холбогдуулан 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэж гэрчилсэн итгэмжлэлийг ГХЯ-ны Консулын газраас, харин 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гэрчилсэн итгэмжлэлийг нотариатчаас хүлээн авахыг мэдээлье.

Иймд та бүхэн дээрх системд нэвтрэн хэрэглэгчийн эрх үүсгэн, итгэмжлэлээ цахимаар хянуулсны үндсэнд, тус ЭСЯ-нд биеэр ирж эсвэл шуудангаар /хянуулсан итгэмжлэлийг хэвлэн гаргаж, өөрийн баталгаат гарын үсэг зурж, өөрийн гадаад паспортын хуулбар, Монгол Улсад хүлээн авах хүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөр төлсөн баримтын хамт тус ЭСЯ-ны хаягаар шуудангаар илгээх/ илгээж баталгаажуулахыг анхааруулж байна.

Цахим нотариатын системд бүртгүүлэх зааврыг https://mongolianembassy.org.au/цахим-нотариатын-системийг-нэвтрүүл/ холбоосоор орж харна уу.

Цахим итгэмжлэл үйлдэх зааврыг http://mongolianembassy.org.au/цахим-итгэмжлэл-үйлдэхэд-анхаарах-зү холбоосоор орж харна уу.