СИДНЕЙ ХОТОД ҮЗҮҮЛЭХ КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ТҮР ХОЙШЛУУЛАВ

Тус Элчин сайдын яам монгол иргэдийн цаг зав, зардал мөнгийг хэмнэх үүднээс консулын явуулын үйлчилгээг зарим хотод очиж үзүүлдэг. Энэ удаад Сидней хотод 12 дугаар сарын 19-20-нд үзүүлэхээр төлөвлөн бэлтгэлийг хангаад байсан. Гэвч Сидней орчимд Ковид-19-ийн шинэ голомт үүсч, цөөнгүй хүн халдварласан байж болзошгүй нөхцөл байдал үүсэв. Үүнтэй холбогдуулан Австралийн холбогдох байгууллагаас Сиднейд үзүүлэх консулын үйлчилгээгээ хойшлуулахыг бидэнд зөвлөв.
Иймд зарласан хугацаандаа үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсондоо хүлцэл өчье. Та бүхэн учир байдлыг зөвөөр ойлгоно гэдэгт найдаж байна. Ковид-19-ийн тархалт хяналтад орон нөхцөл байдал сайжирмагц бид аль болох эрт Сиднейд очин үйлчилгээ үзүүлэх болно. Яг хэдэнд, хаана гэдгээ тухайн үед жич зарлана.
Элчин сайдын яам ажлын цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллан иргэдийн материалыг шуудангаар хүлээн авч, консулын үйлчилгээг үзүүлж байгаа болно.
Австралид, ялангуяа Сидней орчимд сурч, ажиллан амьдарч буй иргэд та бүхнийг анхаарал сэрэмжээ сулруулахгүй байж, суугаа муж, хотын захиргаа, эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалахыг зөвлөж байна.
МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ