Төрсний гэрчилгээ авах тухай

Элчин сайдын Яам нь өөрийн тойрогт оршин суугаа Монгол Улсын харъяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэнэ. Эцэг, эх нь хоёул Монгол Улсын иргэн, эсхүл  эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын иргэн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авна.

Төрсний гэрчилгээг өөрийн биеэр ирж мэдүүлэхэд 30 минутад олгох бөгөөд, шуудангаар мэдүүлсэн тохиолдолд шуудангаар мэдүүлгийг тус Элчин сайдын яаманд хүлээн авснаас хойш ажлын 1-2 хоногт төрсний гэрчилгээ олгоно.

Төрсний гэрчилгээ авахад дараах материалуудыг бүрдүүлж, ЭСЯ-нд ирүүлнэ. Үүнд:
1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлэгийн маягтыг татан авч бөглөнө. Маягтыг бөглөхөд загварын дагуу бөглөнө үү.

2. Эцэг, эхийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар,

3. Австрали Улсад оршин суух виз (Visa Grant Notice)-ний хуулбар,

4. Хүүхэд төрснийг гэрчилсэн эмнэлгийн бичиг,

5. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

/Эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй тохиолдолд хүүхдийг эхээр нь овоглодог бөгөөд эцгээр нь овоглох хүсэлтэй бол эцэг, эх хамтран Эцэг тогтоох тухай өргөдөл гаргана/

6. Хүүхдийн цээж зураг 1 хувь /3*4 см хэмжээтэй/,

7. Эцэг, эх хоёроос ЭСЯ-нд хүүхэддээ төрсний гэрчилгээ хүссэн өргөдөл

Эцэг, эх нь өөрсдийн биеэр ЭСЯ-нд ирж, гэрчилгээ авах боломжгүй тохиолдолд дээрх материалыг баталгаат шуудан /Express post with signature on delivery OR Registered post/-гаар дараах хаягаар илгээнэ үү. 

Хаяг:   Embassy of Mongolia

23 Culgoa Circuit,

O’Malley ACT 2606

Түүнчлэн төрсний гэрчилгээ буцаан авах А4 хэмжээтэй том дугтуй /Express post with signature on delivery OR Registered post/-г хамтад нь ирүүлэхийг анхаарна уу.

Жич: ЭСЯ-ны Консулын хэлтсээс шинээр төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ олгож төрснийг бүртгэх ХААТР – 11/А/ маягт /хүүхэд, эцэг, эхийн талаарх мэдээллийг ирүүлсэн бичиг, баримтууд дээр үндэслэн бичсэн 2002 оны 12-р сарын 31-ний өдрийн Үндэсний Статистикийн төв газрын даргын №265-р тушаалаар баталсан маягтыг хэлнэ/ – ыг Монгол Улсын УБЕГ-д илгээснээр албан ёсоор шинэ төрсөн хүүхдийг Монгол улсын иргэний бүртгэлд бүртгэн баталгаажуулдаг журамтай.

Энэхүү маягтыг баталгаажуулахын тулд эцэг, эх 2 /гэрлэлтээ батлуулаагүй тохиолдолд/, эцэг, эхийн аль нэг /гэрлэлтээ батлуулсан тохиолдолд/ заавал гарын үсэг зурдаг журамтай. Тиймээс шуудангаар материалаа ирүүлсэн тохиолдолд ЭСЯ-наас ИҮБ маягтыг эх хувиар Төрсний гэрчилгээний хамтаар хүргүүлэх бөгөөд ИҮБ маягтад эцэг, эх нь гарын үсэг зурж, баталгаажуулан Элчин сайдын яаманд буцаан шуудангаар ирүүлнэ. Маягтыг буцаан авснаас хойш ажлын 5 хоногийн дотор Улсын бүртгэлийн нэгдсэн санд хүүхдийн төрсөн тухай мэдээлэл орно.