Цахим уулзалт зохион байгуулагдав

Монголын Стратеги судалгааны хүрээлэн, Австралийн Стратегийн бодлогын хүрээлэн хоорондын анхдугаар цахим уулзалт 2022 оны 5 дугаар сарын 26-нд зохион байгуулагдав. Цахим уулзалтад Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Б.Даваадорж, дэд захирал Ж.Мэндээ, Австралийн Стратегийн бодлогын хүрээлэнгийн Батлан хамгаалах, стратеги, үндэсний аюулгүй байдал хариуцсан захирал Майкл Шүебридж, дэд захирал Алекс Бристоу, Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн болон бусад төлөөлөл оролцов.
Цахим уулзалтаар судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хамтарсан нийтлэл гаргах, судлаачид солилцох, уур амьсгалын өөрчлөлт, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов. Мөн Стратеги судалгааны хүрээлэнгээс энэ оны 6 дугаар сард зохион байгуулагдах Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд Австралийн Стратегийн бодлогын хүрээлэнгийн төлөөллийг урьж буйгаа дахин нотлов. Талууд цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийлэв.