АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД, ПАПУА ШИНЭ ГВИНЕЙ УЛСУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээс шалтгаалан үүссэн нөхцөл байдлын улмаас Австрали Улс, Шинэ Зеланд Улс, Папуа Шинэ Гвиней Улсад гацаад буй монгол иргэдийг 3 дугаар сарын 15-наас эхлэн бүртгэж, өргөдлийг нь тухай бүр Улсын онцгой комисст нэгтгэн уламжилж ирсэн. Бүртгэж эхэлснээс хойш 1741 иргэн эх орондоо буцах хүсэлтээ гаргасан. Үүнээс 8 дугаар сарын 17-ны байдлаар 558 иргэнийг Монгол явуулсан, 47 иргэн буцах өргөдлөө буцаасан.
 
Ингээд бүртгэлд үлдсэн байсан бага насны хүүхэдтэй гэр бүл 482, жирэмсэн эмэгтэй, түүний гэр бүлийн гишүүд 68, 60-аас дээш насны өндөр настан, асран хамгаалагчийн хамт 57, хөгжлийн бэрхшээлтэй 14, эрүүл мэндийн шалтгаантай 97, бусад хүндэтгэх шалтгаантай 462 иргэн буюу нийт 1180 иргэний нэрсийн жагсаалтыг өргөдлийн хамт шинэчлэн Улсын онцгой комисст 8 дугаар сарын 17-нд хүргүүлсэн.
 
Улсын онцгой комиссын Шуурхай штаб дээрх 1180 хүнээс энэ 8 дугаар сарын 29-ний Сидней-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нисэх иргэдийг сонгоод нэрсийг ЭСЯ-нд өнөө маргаашгүй ирүүлэх учиртай. Одоогоор хараахан ирүүлээгүй байна. Аль болох эртхэн ирүүлбэл сонгогдсон иргэд Австрали дотроо муж хооронд зорчих зөвшөөрөл авах, нислэгээ зохицуулахад нь ч хэрэгтэй буйг УОК-ын Шуурхай штабт учирлаад хариу хүлээж байна. УОК-ын Шуурхай штаб хэд хэдэн чиглэлд тусгай үүргийн онгоц нисгээд ачаалалтай буйг бид мэдэж байгаа.
 
Энэ 8 дугаар сарын 29-ний Сидней-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцонд багтах иргэдийн нэрс ирмэгц тус ЭСЯ-наас багтсан хүмүүс рүү цаг алдалгүй залган мэдэгдэх болно. Ирэх амралтын өдрүүдээр ч ЭСЯ энэ асуудлыг зохицуулахаар ажиллах болно.