Күинсландын их сургууль, Гриффитийн их сургууль, Рио Тинто компанийн төлөөлөлтэй уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн 2022 оны 6 дугаар сарын 2-нд Күинсландын их сургуулийн ерөнхийлөгч Дебора Тэрри, Гриффитийн их сургуулийн Олон улсын маркетинг, гадаад харилцаа хариуцсан захирал Рик Чапман нартай тус тус уулзаж, Австралийн Засгийн газрын “Шинэ Коломбо” хөтөлбөрийн цар хүрээг тэлэх, хоёр талын оюутан солилцоог нэмэгдүүлэх, их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, монгол оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг харилцан сонирхсон салбарт хамтарсан судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон хамтын ажиллагааны бусад асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
Тэрбээр мөн Рио Тинто компанийн Зэсийн группын өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх болон тус компанийн Брисбэн дэх салбарт ажиллаж буй монголчуудын төлөөлөлтэй уулзаж, харилцан ярилцаж, мэдээлэл солилцов.
Элчин сайд Д.Даваасүрэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн зохицуулах хорооны дарга У.Бямбасүрэн, Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Жамбалсүрэн нарын хамт Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн газар болон Күинсландын их сургуулийн хамтран хэрэгжүүлсэн “Хөдөө аж ахуйн салбар дахь эмэгтэйчүүд” богино хугацааны хөтөлбөрийн төгсөлтийн арга хэмжээнд оролцож, сертификат гардуулав. Уг сургалтад хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг төр болон хувийн хэвшлийн төлөөлөл 20 эмэгтэй оролцов.