Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн Шинэ Зеланд Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Ёслолын газрын дарга Родни Харристай 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.
Уулзалтын үеэр Элчин сайд Д.Даваасүрэн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв. Ноён Р.Харрис Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авч буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Шинэ Зеландын Амбан захирагчид Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад суугаа Өргөмжит консул Маттью Хүүтон Элчин сайд Д.Даваасүрэн Шинэ Зеланд Улсад ажиллаж буйтай холбогдуулан 2022 оны 6 дугаар сарын 27-нд монгол иргэд, Шинэ Зеландын төрийн болон хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулсан танилцах уулзалт зохион байгуулав.
Мөн өдөр Элчин сайдын яамны консулын ажилтан Окланд, Веллингтон хот дахь монгол иргэддээ консулын үйлчилгээ үзүүлэв.